Ажилтнууддаа шинэчлэгдсэн Дотоод журмыг таниулж, санал хүсэлт авч эхэллээ
Үйл явдал
/
2022-11-15

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/662 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмыг нийт ажилтнуудад танилцуулах, журамтай холбоотой тэдний санал хүсэлтийг хүлээж авах өдөрлөг өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд, Ажил олгогч нь ҮЭ-ийн холбоо болон ажилтны төлөөллийн саналыг оролцуулж, батлуулсан дотоод журмыг мөрдөж эхлэхдээ нийт ажилтанд танилцуулж, сурталчлах талаар заасны дагуу эл үйл ажиллагааг Хуулийн хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэс, Дотоод хяналт, мониторингийн хэлтсээс хамтран зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр, шинэчлэгдсэн дотоод журамд туссан зарим шүүмжлэл дагуулж буй заалтуудыг мэргэжлийн хуульчид тайлбарлаж, зөвлөмж өгөхийн зэрэгцээ ажилтнуудын санал хүсэлтийг нь сонсож, хүлээж авах юм. 

700

Эрх зүйн баримт бичиг байнга шинэчлэгдэж, сайжруулалт хийгдэж байх ёстой. Тиймээс өдөрлөгийн үеэр ирүүлсэн ажилтнуудын санал хүсэлтийг журамд нэмж тусгах боломж, ажилтны эрх зүйн байдалд харшилсан зүйл заалт буй эсэхийг эргэж харах, үндэслэлтэй санал хүсэлтийг шинээр оруулах гарц, гаргалгааг судалж үзэх зорилготой гэж  Хуулийн хэлтсийн хуульч Т.Хулан энэ үеэр онцолсон. Дотоод журмыг таниулж, санал хүсэлт авах өдөрлөг долоо хоногийн турш үйлдвэрийн Ерөнхий захиргааны 1, 2 дугаар байранд өдөр бүр хуваарийн дагуу болох юм. Тиймээс ажилтнууд хөдөлмөрийн дотоод журамтай танилцаж, зөвлөмж тайлбар авах, санал хүсэлтээ ирүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.27.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.