Байгаль орчны салбарт Kанад улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлж, хамтран ажиллана
Үйл явдал
/
2022-11-15
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэтрин Ивкоффийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд байгаль хамгаалал, менежмент, хөрөнгө оруулалт, хариуцлагатай уул уурхайн хөгжилд тогтвортой үйл ажиллагааны стандартыг нэвтрүүлэх болон Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалал, салбарын хүний нөөцийг чадавхжуулах зэрэг сэдвээр санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал, түүнийг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний нөлөөлөл зэрэг өргөн сэдвээр ярилцан цаашид байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллахаар боллоо.
Канад Улс нь байгаль хамгаалах чиглэлээр арвин их туршлагатай улс орнуудын нэг төдийгүй байгаль орчинд үзүүлж буй нийгэм, эдийн засаг, уул уурхайн нөлөөллөөс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад сэргээг дэх эрчим хүчний шилжилт чухал ач холбогдолтойг тус улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэтрин Ивкофф яриандаа дурдаад, хүлэмжийн хийн ялгаралд хамгийн их нөлөө үзүүлдэг уул уурхайн салбарын хариуцлагатай, тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчны салбар тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэж байгаа цаг үед салбар яамнуудын хамтын ажиллагааны үр дүнд дээрх томоохон зорилтуудад ахиц үзүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн чухал ач холбогдолтой төдийгүй Канад Улсын энэ төрлийн энгийн, хамгийн үр дүнтэй тэргүүн туршлага, техник технологийг санал болгож, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн гэдгээ тэр бээр илэрхийллээ.
Түүнээс гадна “Тэрбум мод” тарьж, ургуулах нэг хэрэг боловч нөгөө талдаа үр дүнтэй хэрэгжүүлэх, тарьсан мод, бут, сөөг зэргээ тоолох, бүртгэлжүүлэх, тайлагнах зэрэг мониторингийн ажлыг орхигдуулж болохгүйг тэр бээр сануулаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжин дэлхийн нийтийн тэргүүлэх зорилт болоод буй уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулж буй Монгол Улсын энэхүү санаачилгыг Ойн агентлагаар дамжуулан дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байна гэсэн юм.
Монгол орны газар зүйн байрлал нь нар, салхины эх үүсвэрээс гаргаж авах боломжтой сэргээгдэх эрчим хүчний шилжилт хийх нэн тааламжтай нөхцөлд оршдог төдийгүй манай улсын эдийн засагт голлох байр суурь эзэлдэг уул уурхайн салбарыг хариуцлагатай, тогтвортой хөгжүүлэхэд Канад Улсын туршлагыг нэвтрүүлэх нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтод томоохон ахиц гарах болно гэдгийг ярьж байлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ирэх 12 дугаар сард Канад Улсад зохион байгуулагдах НҮБ -ын Биологийн төрөл зүйлийг хамгаалах тухай конвенцод оролцогч талуудын уулзалтад оролцоно. Энэ үеэрээ тус улсын байгаль орчны сайдтай албан ёсны уулзалт хийхээр төлөвлөж байгаа төдийгүй цаашид хоёр орны хамтын ажиллагааг байгаль орчны салбарт шинэ шатанд гаргахаар зорьж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.53.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.