Уг тэмцээнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Оюу толгой ХХК, Эрдэнэс тавантолгой” ХК хамтран зохион байгуулж байна. Үүрд хадгалах цомын төлөөх уурхайчдын спортын их наадамд “Ачит ихт” ХХК, АМГТГ, Багануур ХК, “Бадрах энержи” ХХК, Болд төмөр ерөө гол, Баянгол уурхай, Бороо гоулд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Монросцветмэт, Мера ХХК, МоЭнКо ХХК, Саусгоби сэндс ХХК, Нормаунт ХХК, Монгол майнинг энд эксплорейшн ХХК, Си ар майнтээн ХХК, Шивээ овоо ХХК, Эрдмин ХХК, Шарын гол, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс тавантолгой”, Оюутолгой, Цемент шохой ТӨХК, Цайрт минерал ХХК зэрэг уул уурхайн 30 компанийн 1500 тамирчин дөрвөн өдрийн турш спортын таван төрөлд авьяас билиг, хурд хүч, авхаалж самбаагаа сөрөн өрсөлдөх юм.
Тэмцээний нээлтийн ёслолд УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Тэргүүлэх технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Оюутолгой ХХК- ийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер, Оюутолгой ХХК-ийн Хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Ганзориг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Нийгмийн судалгаа, хөгжлийн төвийн дарга Э.Батжаргал нар урилгаар оролцлоо. Энэхүү тэмцээний зорилго нь Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг орон даяар сурталчлах, уул уурхайн салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдыг биеийн тамир спортод өргөнөөр хамруулж, спортод хандах идэвх, сонирхлыг өрнүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, салбарын спортын аварга байгууллагыг тодруулахад оршиж байна.
Уурхайчдын спортын их наадмын Үүрд хадгалах цомын төлөөх спортын олон төрөлт тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нээж үг хэлэв. Тэрбээр: “Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд Уурхайчдын спортын их наадмын үйл ажиллагаа, “Эрдэнэтийн-Овоо”, эрдэнэсийн өлгий нутагт нээгдэж, уул уурхай овогтой “тамирчин уурхайчид” нэгэн дор цуглаж буйд туйлын баяртай байна. Уул уурхайн салбартаа тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэр бол нийгмийн хариуцлагаараа улсдаа манлайлагч, жишиг загвар бүтээгч үйлдвэр. Тэр утгаараа, бид уурхайчдынхаа эрүүл мэнд, бие бялдрыг спортоор дамжуулан хөгжүүлэх, чөлөөт цагийн цогц хөтөлбөрийг биеийн тамир спортод зориулан, үүнд тодорхой зардал, хөрөнгө оруулалт хийж ажилладаг. Үүний үр дүнд манай уурхайчдын эгнээнээс олон арван шилдэг баг, тамирчид төрөн гарч, бүс, улс төдийгүй тив дэлхийд эх орныхоо алдар цууг өргөсөн амжилтын буухиа үргэлжилсээр байна. Уурхайчдадаа урам зориг, хүч нэмсэн энэхүү спортын их наадмын хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй наадмын санаачлагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамт олон, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Уурхайн өлгий нутагт уурхайчдын уухай түрэхээр хүрэлцэн ирсэн уул уурхайн салбарын нийт баг тамирчид та бүхэнд спортын өндөр амжилт хүсэн ерөөе” гэв. Энэ үеэр бид зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.
УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Тэргүүлэх технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар: Юун түрүүнд энд хүрэлцэн ирсэн эрхэм уурхайчид, тамирчид дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчдэд Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Өнөөдөр уул уурхайн салбар улс орны эдийн засгийн тэргүүлэх салбар болтлоо хөгжсөн байна. Түүхт 100 жилийн хугацаанд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг хувийг, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 хувийг, экспортын бүтээгдэхүүний 94 хувийг бүрдүүлэх болтлоо хөгжсөнийг тэмдэглэхэд таатай байна. Энэ түүхт ойн хүрээнд зохион байгуулж буй томоохон арга хэмжээний нэг Уурхайчдын спортын их наадам юм. Энэ оны 12-р сарын 25 хүртэл спортын тэмцээн үргэлжилнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Өмнө нь урлагийн тоглолт болсон. Энэхүү урлагийн үзүүлбэрүүдийг ойн баярын арга хэмжээний концертод тоглоно. Цар тахлын хүнд үеийн дараа ийм том тэмцээнийг уул уурхайн компаниудын хүчээр өндөр хэмжээнд зохион байгуулж байна. Өнөөдрийн тэмцээнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Эрдэнэс тавантолгой компани хамтран зохион байгуулж байна. Тэгэхээр Цар тахал, Орос, Украйны дайны нөхцөлөөс шалтгаалаад уул уурхайн салбар ч амаргүй хүнд үеийг давж байна. Урд хил нээгдэж, зургаадугаар сараас манай салбарын үйл ажиллагаа жигдэрсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гайгүй байгаа учраас төсөвт төвлөрүүлэх орлого биелнэ гэсэн хүлээлттэй байгаа.
Багануур ХК-ийн Уурхайчин багийн дасгалжуулагч Э.Батбаяр: Би Багануурын нүүрсний уурхайд 42 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие спортоор 35 жил хичээллэж ирлээ. Спортын мастер цолтой. "Уурхайчдын спортын их наадам 2022" наадмын нээлт их гоё боллоо. Манай Эрдэнэт үйлдвэр маш өндөр түвшинд зохион байгууллаа. Баг, тамирчид их сэтгэгдэл өндөр байна. Бидний байрласан газар ая тухтай, хоол унд чанартай сайхан байна. Одоогийн байдлаар манай эмэгтэйчүүдийн баг гар бөмбөгийн төрөлд хоёр хожилтой явна. Манай багаас спортын таван төрөлд 48 тамирчин оролцоно. Тухайлбал, Ёндонжамц, Ерөөлтхүү, Орхон, Тулга, Наранбат нарын спортын зэрэгтэй тамирчид сагс, волейбол, ширээний теннис, шатрын төрөлд өрсөлдөнө. Ингээд нийт тамирчдаа уул уурхайн 100 жилийн ойгоо спортын өндөр амжилттай угтахыг хүсэн ерөөе.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын волейболын эмэгтэй шигшээ багийн залуу тамирчин Г.Солонго: Тэмцээн өргөн дэлгэр амжилттай явагдаж байна. Би 10 жилийн дунд сургуулийн сурагч байхаасаа волейболын спортоор сонирхлоороо хичээллэж эхэлсэн. Манай баг нэг хожилтой явна. Одоо Монголросцветметийн багтай тоглоно. Миний хувьд ийм том тэмцээнд анх удаа орж байна. Эрдэнэт үйлдвэрээ төлөөлж, спортын мастер Даваасүрэн ахлагчтай эмэгтэй волейболын шигшээ багийн 12 тамирчин тэмцээнд оролцож байна. Манай үйлдвэр цех, хэсгүүдийн дунд тогтмол тэмцээн зохион байгуулдаг. Энэ нь тамирчдыг байнгын бэлтгэлтэй байх боломжоор хангадаг. Ингэснээр шинэ залуу тамирчдыг төрүүлж байдаг. Төгсгөлд нь, тэмцээнд оролцож байгаа баг тамирчдадаа хандан, шударга өрсөлдөж спортын өндөр амжилт гарган үүрд хадгалах цомын эзэн болохыг хүсэн ерөөе.
Ийнхүү, Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан "Уурхайчдын спортын их наадам 2022" амжилттай эхэллээ.
-
1 цаг 19 мин
-
5 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
1 цаг 19 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин