ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн зөвлөх багийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-11-19
Чанарын баталгаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг стандартжуулах ажлыг ДЭМБ-тай хамтран хийнэ

Уулзалтаар эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр ДЭМБ-ын зөвлөх багийн дүгнэлт, зөвлөмжийг сонсон, санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Манай улс хүн ам цөөн, зах зээл жижиг учраас цөөн тоогоор хэрэглэгддэг эм, оригналь эмийн хувьд гадаадын томоохон үйлдвэрлэгчид манай зах зээлийг голж, эмээ бүртгүүлэхгүй, нийлүүлэхгүй байх тохиолдол байна.

Иймээс нэн шаардлагатай зарим эм зах зээлд тасалдах, өндөр үнэтэй байх, хадгалалт, тээвэрлэлтийн горим хангагдаагүй, чанарын баталгаагүй, хууль бусаар зах зээлд нэвтрэх зэрэг сөрөг үр дагавар гарч байна. Иймд гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх улсын мэдлийн “Нөөцийн төв” байгуулах шаардлага байна” хэмээгээд тус багийнханд хэд хэдэн саналыг дэвшүүллээ.

 

 

 

 

Үүнд:

1. Эмийн зохицуулалтын зохистой дадал, Харилцан зөвшилцөх зохистой дадал, чанарын болон эрсдэлийн удирдлагын чиглэлээр Агентлагийн чадавхийг бэхжүүлэх, ажилтнуудыг сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэх

2. ДЭМБ-аас дунд ба урт хугацааны зөвлөх тус Агентлагт ажиллуулах

3. Монгол улс хэрэгцээт эмийнхээ 79 хувийг импортоор авдаг тул эмийн чанарыг хангах, хянахад эм шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх

4. Эмийн зохицуулалтын чиглэлээр олон улсад баримталдаг стандарт, заавар, журмыг Монголын нөхцөл байдалд тохируулан боловсруулах, нэвтрүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх 5. Хуурамч, стандартын бус эмийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд эмийн зохицуулалтаар төлөвшлийн түвшин өндөр улс оронтой холбоо тогтоон, байнгын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

6. ДЭМБ-аас зөвлөмж болгодог эмийн зохицуулалтын үндсэн чиг үүрэгт эмийн хангамж, үнийн зохицуулалтын чиг үүрэг байдаггүй.

No description available.

Дэлхий нийтэд баримталж буй зохицуулалтын үндсэн зарчмын нэг нь үйлдвэрлэгч, ханган нийлүүлэх байгууллагаас зохицуулалтын байгууллага нь хараат бус байх ёстой ч Монгол орны хувьд эмийн хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн зохицуулалт шаардлагатай байна. ДЭМБ-ын багийн мэргэжилтнүүд Монгол Улсад хийсэн ажлын үр дүн, ач холбогдолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тухайлбал, Эмийн зохицуулалтын чиглэлээр Монгол Улсын төлөвшлийн түвшинг шинэчлэн тогтооход мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, Жишиг үнэлгээний аргыг ашиглан өөрийн үнэлгээг хийх аргад ЭЭХХЗГ-ын ажилтнуудыг сурган чадавхжуулж, Чанарын баталгаагүй, хуурамч, стандартын бус эм, эмнэлгийн хэрэгслийн тандалт, хяналтыг бэхжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан талаар хэллээ.

No description available.

Уулзалтын төгсгөлд Шадар сайд Монгол Улс бүс нутгийн улсуудтай найрсаг харилцаатай, зам тээврийн болон дэд бүтэц, хүн хүчний боломж сайтай тул Улаанбаатар хот дахь Буянт Ухаагийн нисэх буудлыг түшиглэн Зүүн Хойд Азийн бүсэд хүмүүнлэгийн тусламжийн салбар төв(хаб) байгуулах санал яригддаг. Энэ зорилгоор шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, богино хугацаанд шуурхай нийлүүлэхэд эмийн чанарыг хангахад болон хянахад дээр дурдсан эмийн лаборатори шаардлагатай байгааг дурдсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.108.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.