Ерөнхий сайд “Оюутны эрхийн өдөр”- өөр ШУТИС-ийн оюутнуудтай уулзлаа
Үйл явдал
/
2022-11-19
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг оюутан, залуучуудад танилцуулах анхны уулзалтаа ШУТИС-иас эхлүүллээ. Өнөөдөр “Олон улсын оюутны эрхийн өдөр” бөгөөд инженер, технологийн салбарын оюутнуудын уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, багш нар оролцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөлмөрийн зах зээлийн хамгийн эрэлттэй, улс орны хөгжилд нэн шаардлагатай мэргэжлээр суралцаж буй ирээдүйн инженерүүдэд амжилт хүсээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилт буюу “Шинэ сэргэлтийн бодлого”, сүүлийн хоёр жилд үүссэн дотоод, гадаад хүчин зүйлс нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан мега төслүүд, бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхэд инженер, техникийн салбарынхны эрэлт, хэрэгцээ цаашид улам нэмэгдэхийг онцлоод “Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд мэдээлэл технологийн мэргэжилтэн, барилга, уул уурхай, авто, барилгын инженер, архитектор, геологич зэрэг мэргэжил эрэлттэй боловч хамгийн дутагдалтай байна. Ялангуяа, ирэх 10-20 жилд тээвэр ложистик, газрын тос олборлолт, баяжуулалтын инженерүүдийн эрэлт манай улсад үүснэ. Учир нь, Шинэ сэргэлтийн бодлогын төлөвлөлтөөр бий болох Ханги-Мандал тэргүүтэй экспортын шинэ гарцууд, Эрдэнэбүрэнгийн УЦС, Амгалан ДЦС-ын өргөтгөл, Тавантолгой цахилгаан станц, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дагаад маш олон ажлын байр бий болно. Оюутан залуусын уулзалтаа ШУТИС-иас эхэлж байгаа нь тохиолдлын хэрэг биш гэсэн юм. Мөн Монгол Улсаас ХБНГУ-д 1000 инженер бэлтгэхээр болсон, үүнд ШУТИС-ийн оюутнуудын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлоод инженер бэлтгэх төрийн бодлогыг илүү боловсронгуй болгоно” гэлээ.

Засгийн газрын тэргүүн боловсролын салбарт онцгой анхаарч, багш, оюутнуудын санал хүсэлтийг сонсохоор хүрэлцэн ирсэнд ШУТИС-ийн захирал Т.Намнан талархал илэрхийлсэн. Тэрбээр, “Манай сургууль улс орны эдийн засгийн хөгжил, аж үйлдвэржилтийн бодлогыг авч явах эрдэмтэн судлаачдыг бэлтгэн гаргах, энэ чиглэлд өндөр үр дүнтэй судалгаа, шинжилгээний бүтээл боловсруулан ажиллах үүрэгтэй. Тиймээс чанартай боловсон хүчин бэлтгэхийн төлөө ажиллаж байна.” гэв. ШУТИС нь 11 бүрэлдэхүүн сургууль, Орхон, Өмнөговь аймагт харъяа сургуультай бөгөөд өнөөдрийн байдлаар 16 мянга гаруй оюутан суралцаж байна. “Коосэн” технологийн коллеж, гурван ахлах сургууль, нэг цэцэрлэгтэй аж.

Ерөнхий сайдад хандаж санал, хүсэлтээ илэрхийлсэн багш, оюутнуудын хувьд их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх, оюутны кампус байгуулах, олон улсын жишигт нийцсэн дотуур  байртай болох, багш, оюутнуудын хамтарч боловсруулсан төсөлд гарааны санхүүжилт олгох, ажлын байрны тоог нэмэгдүүлэх талаар ярьж байлаа. Мөн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд оюутнуудын хичээл эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, элсэгчдийн тоо жил ирэх тусам буурч байгаа газрын тос, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг бодлогоор дэмжих, сургалтын төлбөрийн зарцуулалтыг ил тод болгох, эх орондоо ажиллаж амьдрах таатай нөхцөлийг залууст бүрдүүлж өгөх зэрэг асуудлыг хөндөж байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдний саналыг сонсож, нээлттэй ярилцав. Мөн уулзалтаар яригдсан тодорхой асуудлуудыг Засгийн газарт танилцуулах, багш, оюутнуудын дэвшүүлсэн саналыг судалж ажиллахыг салбарын сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.52.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.