Спортын мастер Ж.Өлзийсүрэн, Х.Тогтохдалай нарын нэрэмжит ахмад волейболчдын тэмцээн боллоо
Үйл явдал
/
2022-11-20

Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл, Авто тээврийн цехийн ахмадын зөвлөл хамтран Автотээврийн цехийн ахмад волейболчин, спортын мастер Ж.Өлзийсүрэн, Х.Тогтохдалай нарын нэрэмжит Эрдэнэт үйлдвэрийн ахмадуудын волейболын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн ням гарагт зохион байгууллаа. Спорт цогцолборт болсон уг тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 10 багийн 172 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорилоо. Эрэгтэйчүүдээс Автотээврийн цехийн баг түрүүлж, Дулааны цахилгаан станцын баг дэд байр, Баяжуулах үйлдвэрийн баг гутгаар байр эзэллээ. Эмэгтэйчүүдээс Тусгай алба, Чанарын хяналтын хэлтсийн хамтарсан баг түрүүлж, Засвар механикийн завод, Автотээврийн цехүүд удааллаа. Тэмцээний шилжин явах цомыг тэмцээний нийлбэр дүнгээр шилдгээр шалгарсан Автотээврийн цехийнхэн гардлаа. Энэ үеэр зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

 

Спортын мастер, ахмад тамирчин Ж.Өлзийсүрэн:

Өнөөдөр Х.Тогтохдалай мастер бид хоёрын нэрэмжит тэмцээн болж, бид их баяртай байна. Тэмцээн сайхан болж байна. Би 1976 онд МХЗЭ-ийн илгээлтээр Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад ирж ажилласан. Түүнчлэн, Автотээврийн цехэд жолоочоор 1976-2007 он хүртэл 31 жил ажиллаад гавьяаны амралтаа эдэлж сууна. 1988 оноос үйлдвэрийн ажилчдын спартакиадад волейбол тоглож эхэлсэн. 1998 онд Дархан хотод болсон волейболын Улсын аварга шалгаруулах ахмадын тэмцээнд ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран оролцож, алтан медаль авчирч байлаа. Ингэж анх ахмадын Улсын аваргын тэмцээнд оролцож байлаа. Түүнээс хойш ахмадын тэмцээнд олон оролцлоо. Миний бас нэгэн дурсамжтай үйл явдал Эрдэнэттэй шефийн холбоотой ЗХУ-ын Красноярск хотод болсон тэмцээнд 52 настайдаа залуучуудын багт тоглож, тэндээс “Шилдэг хамгаалагч” болж байлаа. Биеийн тамирын арга зүйч Г.Загдаа багш маань намайг волейболоор хичээллэхэд ихээхэн дэмжиж тусалдаг, зааж зөвлөдөг байсан. Волейбол бол хүч чадал, оюун ухааныг дайчилдаг их сайхан спорт. Монголын волейболын спорт өндөр хөгжиж байна. Манайхан Европ, Ази стилийг аль алийг нь сайн эзэмшээд, Европчуудтай Ази, Азиудтай Европ стилиэр тогловол Тив дэлхийд гарахад их ойрхон байна. Тамирчин залуус маань архи, тамхинаас хол бай. Эдгээрийг эс хэрэглэвээс амжилтад хүрэх зам нь шулуун байх болно гэж ахмад тамирчны хувьд хэлэх байна. Би 75 настай, одоо ч зааланд очиж тоглож байна. Манай үйлдвэрээс ахмадууддаа энэ зааланд баасан гарагийн 8:30-10:30 хүртэл тоглох боломж олгодог. Энэ цаг дээрээ ирж тоглож, хөдөлгөөнтэй байгаарай гэж ахмадууддаа уриалж байна.

 

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Р.Жанчивдорж:

Уламжлал болгон зохион байгуулагдсан уг тэмцээн өнөөдөр 2022 оны тоглолтоо хийж байна. Тоглолт их сайхан болж байна. Олон баг оролцож, бүгд идэвхтэй байна. Манай ахмадууд эрч хүчтэй, сайхан байна. Бид ч энд ирж, тэмцээнээ үзэж, ойрд уулзаагүй нэгэнтэйгээ сайхан уулзан хөгжилдөж байна. Манай хоёр спортын мастерын нэрэмжит тэмцээнийг нь зохиож, тэднээ хүндэтгэж байгаа нь сайхан байна. Манай цехийнхэн маш сайн оролцож, эрэгтэйчүүд түрүүлж, эмэгтэйчүүд гуравдугаар байр эзэллээ. Шилжин явах цомоо ч авлаа. Ахмадуудаа хамт олон, гэр бүлийнхэн нь хүндэтгэж, цех цехийн ахмадууд багаа дэмжээд их сайхан өргөн дэлгэр тэмцээн болж байна. Морь уясан хүмүүс шиг орилоод л, нэг өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүллээ. Ахмадууд ямар их эрмэлзэлтэй, сэтгэлтэй, зүтгэлтэй байгаа нь мэдэгдэж байна аа. Бидний хувьд нэгнээ харж баясаж, нэгэндээ харагдаж явах нь жаргал юм даа.

 

Автотээврийн цехийн багийн ахлагч Ж.Төмөрбаатар:

Би АТЦ-д Засварын газрын даргаар 30-аад жил ажилласан. Эрдэнэт үйлдвэрт нийт 40 жил ажиллаад 2014 онд тэтгэвэртээ гарсан. Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлөөс төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Спортын мастер Ж.Өлзийсүрэн, Х.Тогтохдалай нарын нэрэмжит энэ тэмцээн олон цехийг хамарч, олон ахмадын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхээр зөв зохион байгуулалттай явуулж байгаа тэмцээнүүдийн нэг юм. Оролцож буй баг, тамирчдын тоо жил бүр өсөж байна. Энэ удаагийн тэмцээнд оролцогчдын тоо өмнөх жилүүдээс даруй 2 дахин өсжээ. Энэ ч утгаараа ахмадуудын сэтгэл санаа өөдрөг, хамт олонч, нөхөрсөг уур амьсгал бий болгож буйгаараа онцлог юм. Тийм учраас үүнийг цаашид тогтмолжуулж, ахмадуудаа спорт заалаар бүрэн хангаж, 7 хоногт 2 удаа спортын секц хичээллүүлж байгаасай. Тэмцээнийг аль болох олон болгоосой гэж хүсэх байна.

 

Тэмцээний Ерөнхий шүүгч Т.Батсүх:

Волейболын спортын мастер Ж.Өлзийсүрэн, Х.Тогтохдалай нарын нэрэмжит ахмад волейболчдын тэмцээн уламжлал болгон явагддаг. Хоёр жил завсарласны дараа болж байна. Тэмцээнд нийт 19 баг оролцон тоглолоо. Мастеруудыг алдаршуулах тэмцээнд ахмадууд өрсөлдөөнтэй, сайн тоглож, идэвхтэй оролцож байна. Эрдэнэт үйлдвэр ахмадуудынхаа бие бялдрыг чийрэгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй нь их олзуурхууштай. Тамирчдын тоо илт нэмэгдэж байна. Энэ нь уг спортоор хичээллэдэг нэлээд олон хүн гавьяаны амралтдаа гарсан гэж ажиглагдаж байна. Залуу байхдаа тоглож байсан тамирчид маань нас ахисан ч ур чадвар хэвээрээ, сайхан тоглож байна. Ахмад тамирчдадаа бэлтгэлээ сайн хийж, дараа дараагийн тэмцээндээ улам их амжилт гаргаарай гэж хүсье.

 

Спортын мастер, ахмад тамирчин Х.Тогтохдалай:

Бидний нэрэмжит уламжлалт тэмцээн болж байгаад сэтгэл хангалуун сайхан байна. Би 1974 онд илгээлтээр ирж, өдгөө Эрдэнэт хотод 48 жил амьдарч байна. АТЦ-д Белазын жолоочоор 27 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Миний хувьд 50 гаруй жил энэ спортоор хичээллэж байгаа. Волейбол нь бие бялдар, хүмүүжил төлөвшилд их ач холбогдолтой спорт. Манай үйлдвэр ахмадуудынхаа нийгмийн асуудал, чөлөөт цагийг зөв өнгөрөөх чиглэлд их сайн анхаардаг. Ахмадууд маань ч зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд маш их идэвхтэй оролцдог. Өнөөдөр зөвхөн талбай дээр 172 хүн тоглож байна. Дэмжигчид олон байна. Би энэ жил 75 хүрч байна. Хоёр жилийн өмнө хүртэл улс, аймгийн тэмцээнд оролцож байлаа. Миний бие энэ жил жаахан чилээрхсэн болохоор тэмцээнд орсонгүй. Ирэх жилээс тоглоно гэж бодож байна. Намайг өдий хэртэй явахад спортын ач тус их байлаа. Ахмадууд минь идэвхтэй хөдөлгөөн байнга хийж, явган алхаж, спортоор хичээллэж, өөрийгөө хөгжүүлж байгаарай. Ийм л байвал эрүүл саруул, урт насална.

 

Тусгай алба, Чанарын хяналтын хэлтсийн багийн ахлагч, волейболын спортын мастер Р.Сэлэнгэ:

Би цагдаагийн байгууллагад 20 жил ажиллаад, Тусгай албанаас тэтгэвэртээ гарсан. Манай Тусгай алба, Чанарын хяналтын хэлтэс хамтраад, энэ тэмцээнд амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэллээ. Манай баг уламжлал болсон энэ тэмцээнд гурав дахь удаагаа аваргалсандаа их баяртай байна. Өрсөлдөгчид жилээс жилд чангарч байна. Багууд маш сайхан бэлтгэлтэй, жигд сайн өрсөлдөж байна. Бас хувцсаа жигдлээд, тэмцээнээ хүндэтгэн оролцож байгаад баяртай байна. Бид жилд нэг удаа болдог энэ тэмцээнээ тэсэн ядан хүлээдэг. Баг хамт олондоо болон нийт тамирчдадаа спортын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.   

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.9.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.