Н.УЧРАЛ: Монголчууд фэйсбүүк хэрэглээгээрээ Азид 1-т дэлхийд 10-т орж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-11-20
Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 9-р сард Хүний эрхийг хангах Үндэсний хороог байгуулсан. Тус хорооны анхдугаар хуралдааныг өнөөдөр зохион байгуулж байна. Хүний эрхийг хангах Үндэсний хороо нь Засгийн газар, түүний харьяа байгууллагуудад хүний эрхийг хангах, хамгаалах талаас ажиллах юм. Гүйцэтгэх засаглалын хүрээнд хүний эрхийг ханган ажиллахад идэвх, санаачилгатай ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа учраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хүний эрхийн талаарх үйл ажиллагааны төлөвлөгөөг 3 жилээр боловсруулан ажиллахаар болсон.
 
Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Анхдугаар хуралдаанаар хүний үндсэн эрхийн хүрээнд салбар бүрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна. Тухайлан хүүхдийн сурч боловсрох эрх, хүний эрхэд суурилсан төсөвлөлт, цахим шилжилтийн хүрээн дэх хүний эрх, бизнес ба хүний эрх, соёлын эрх, бүх нийтийн эрүүл мэнд зэрэг нийгмийн салбар бүрээр нь хөндөн хэлэлцэж байгаагаар онцлог юм. Улмаар хүний хувийн мэдээллийг төрийн байгууллага цуглуулж, ашиглахдаа заавал зөвшөөрөл авдаг болсон, ердийн сургуульд сурч буй хүүхдүүдийн 93-95 хувь нь сурч боловсрох эрхээр хангагдаж байгаа, ирэх оны төсөв хэмнэлтийн тухай хууль дагуу боловсруулагдсан, бизнесийн орчин дахь хүний эрхийг хангах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж буй, эрт илрүүлгийн үзлэг оношилгоог эхлүүлсэн гээд сайшаалтай тал байгаа хэдий ч орхигдсон асуудлууд байгаа талаар зөвлөлдөж байна.
 
Үүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх, цалин хөлсөөрөө амьдрах эрх, хувь хүний нууцад хамаарах дуу, дүрсний бичлэгийн зохицуулалт зэрэг цаашид заавал шийдвэрлэх ёстой асуудлууд хүлээгдэж байна. Хүний эрхийг хангах Үндэсний хорооны гишүүд өнөөгийн нөхцөл байдлын талаар ийнхүү хэлэлцсэнээр хүний эрхийг хүндэтгэн ажиллах, гүйцэтгэх эрх мэдлийн хэрэгжилтийг бодитоор хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход санаачилга гаргах болно. Хуралдаанаар хүний эрхийг хангах цахим хөгжил, бизнес, төсөв, боловсрол, соёл, нийгэм, эрүүл мэнд зэрэг салбаруудын асуудлыг хөндөж, шийдлүүдийг танилцууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал хуралдаанд оролцож Цахим орчны өнөөгийн байдал, Цахим орчинд хүний эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавилаа.
 
ХХЗХ-ны 2022 оны эхний хагас жилийн тайланд Монгол Улсад ухаалаг төхөөрөмж хэрэглэгчдийн тоо 3,836,572, Фейсбүүк хэрэглэгчдийн тоо Ази тивд 1 дүгээрт /2.8 сая/, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь цахим хэрэглээний хамрах хүрээ, хэрэглээ хурдацтай өсч байгааг харуулж байна. Үүнийг дагаад бусдын нэр төр, алдар хүндэд халдах, гутаан доромжлох, иргэдийг залилах, төөрөгдүүлэх, үзэл бодлоор нь талцуулах, хүчирхийлэлд уриалах, төр засгийн эсрэг үйл ажиллагаа явуулах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйлдлүүд ихсэж байна. Мөн сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд цахим гадуурхалд өртөж байна.
 
ЦХХХ-ны сайд Н.Учрал: Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажлын хэсэг байгуулж, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулга боловсруулна. Хувийн мэдээллээ хамгаалах талаар иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт зохион байгуулна. Цахим орчинд хүний эрхийг хангах чиглэлээр судалгаанд суурилсан санал боловсруулахаар ажиллаж байна гэсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.184.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.