Дуудлага өгсөн иргэн утсан дээрээ түргэн тусламжийн машин хаана явж байгааг харах боломжтой боллоо
Үйл явдал
/
2022-11-23
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим шилжилт хийх, шинэлэг санааг хуваалцсан “UB healthcare week 2022” цогц арга хэмжээг энэ сарын 16-18-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгууллаа.

Уг арга хэмжээгээр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг технологиор хэрхэн шийдэх, цахим шилжилтийг өргөжүүлэх зорилготой шинэ, дэвшилтэт технологи, инновац шингэсэн 10 цахим үйлчилгээ, технологийг олон нийтэд танилцуулсан юм. Эдгээр шинэ технологиудыг 2023 он гэхэд бүх эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэхийг зорьж байгаа аж. 

"Эмнэлгийн зориулалтын 88 автомашинтай. Үүнээс 70 автомашинд GPS суурилуулсан"

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Айболат "Түргэн тусламжийн төвийн багийн байршлын маршрутыг дуудлага өгсөн иргэний утсанд дамжуулах системийг хөгжүүллээ.

Өмнө нь дуудлага өгсөн иргэн түргэний машин хаана явж байгааг мэдэх ямар ч боломжгүй, тусгай дугаарт олон дахин залгаж ачаалал үүсгэдэг байсан. Тэгвэл энэ шинэ систем нэвтэрснээр ачаалал буурч, байршил тодорхой болох боломж үүсэж байгаа юм.

Системээ 2023 онд илүү хөгжүүлж, аппликэйшн болгох, машин хаана яваа мэдээлэл очихоос гадна эмч очтол авах арга хэмжээг зөвлөгөө байдлаар хүргэх зэрэг үйлчилгээг оруулах болно. Манайх эмнэлгийн зориулалтын 88 автомашинтай. Үүнээс 70 автомашинд GPS суурилуулсан. Үлдсэн машинд ойрын хугацаанд GPS суурилуулна. Тус программыг “Ай Си Ти групп”-тэй хамтарч, нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжүүлсэн" хэмээлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.193.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.