Тус улсын хувьд Хүний эрхийн комисс нь жил бүр тайлангаа парламенттай танилцуулж, хэлэлцүүлдэг. Мөн хэд хэдэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, онцгой анхаарах шаардлагатай асуудлаар бүлэг болон ажлын хэсэг байгуулдаг. Үндсэн хуульд заасны дагуу хүний эрхийг хангах чиглэлээр дэд хороодыг байгуулж ажилладаг байна.
Үргэлжлүүлэн Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Хүний эрхийн хөтөлбөрийн туслах ажилтан Боутайна Ламхарзи Австрали, Замби, Марокко, Самоа, Дани зэрэг улсын Хүний эрхийн институтийн талаар танилцуулсан юм.
Тухайлбал, Австралийн Хүний эрхийн комисс нь парламентын Хүний эрхийн хамтарсан хороотой нягт хамтран ажилладаг бөгөөд хүний эрхийг зөрчиж болзошгүй хуулийн төслийн талаар тус хороонд “урьдчилсан сэрэмжлүүлэг” өгдөг байна.
Африкийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын сүлжээ (NANHRI)-ний хувьд Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг (APT)-тэй хамтран эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэхэд Африкийн ХЭҮК-ын үүрэг, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн бөгөөд Замби, Марокко, Самоа зэрэг улсад үр дүн гарчээ.
Бүгд Найрамдах Замби Улсын Хүний эрхийн байгууллага нь 2015 онд эрүү шүүлтийн эсрэг кампанит ажилд парламентын гишүүдийг оролцуулж, семинар зохион байгуулсан бол Марокко Улсад Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын нэмэлт протоколын дагуу хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлууд хийгдсэн байна.
Самоа улсын Хүний эрхийн үндэсний байгууллага буюу Омбудсмены газар 2020 онд парламентын гишүүдтэй анхны дугуй ширээний уулзалт, ярилцлагыг хийсэн байна. Үүнээс хойш “Самоад хүний эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах чиглэлээр парламентын гишүүдтэй Омбудсмены газрын түншлэлийг бэхжүүлэх, идэвхтэй оролцоог дэмжих нь”, “Омбудсмены газрын үйл ажиллагаа болон тус газраас гаргадаг Хүний эрхийн төлөв байдлын тайланг хянан, шалгах нь” зэрэг хэд хэдэн сэдвээр парламентын гишүүдтэй цуврал уулзалт, хэлэлцүүлгийг хийжээ.
Харин Дани улсын Хүний эрхийн институтийн тухайд тус улс дахь хүний эрхийн байдал, ахиц дэвшлийн талаар парламентад тогтмол тайлагнадаг. Мөн парламентад хэлэлцэгдэж буй хууль тогтоолын төсөл нь олон улсын өмнө хүлээн үүрэг, хариуцлагатай нийцэж байгаа эсэхэд хууль зүйн дүн шинжилгээ, хүний эрхийн үнэлгээг тогтмол хийдэг онцлогтой аж.
Танилцуулга, мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх П.Амаржаргал, С.Энхцэцэг нар асуулт асууж, парламент болон Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар саналаа илэрхийлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
3 цаг 17 мин
-
23 цаг 18 мин
-
23 цаг 29 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин