Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Үйл явдал
/
2022-11-23
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2022.11.21) Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу хоёр хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх зарчим болон "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт дэвшүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх, газрын хууль тогтоомжийг төрийн байгууламж нэгдмэл байх зарчим болон өмчийн эрх зүйд нийцүүлэн боловсронгуй болгох" зорилтод нийцүүлэн боловсруулсан байна.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн ангиллыг Үндсэн хуульд нийцүүлэн тодорхойлж, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч болох Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх хэмжээг шинэчилж, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, харилцан уялдааг хангахад анхаарсан байна.

Түүнчлэн төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн өмчийн газрын чиг үүргийг тодруулж, өмчийг удирдах ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүртгэл, тооллогыг зохион байгуулах, төрийн хяналтыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ангиллыг шинэчилж, хөрөнгийн эрхийг нийтлэг болон онцлог байдлаар тогтоохоос гадна төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө олж авах, үнэлж бүртгэх, тоолох, эзэмшиж ашиглах, бусдын өмчлөлд шилжүүлэх, акталж данснаас хасах зэрэг хөрөнгийн харилцааны журмыг шинэчилсэн байна.

Өмчийн хяналт шалгалт, сахилга, хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх, ил тод, нээлттэй байдлыгхангах зорилгоор хяналтын журмыг нарийвчилж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны шинэчлэлд нийцүүлэх, нэр томьёог жигдлэх зорилгоор холбогдох 30 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 1996 онд баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг тус тус дагалдуулан боловсруулсан байна.

 

 

  1. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Улсын Их Хурлаас 2022 онд баталсан Зөвшөөрлийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Зөвшөөрлийн тухай хуулийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар тогтоолоор зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар даалгасан.

Энэ хүрээнд Стандарчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нийт 89 хуулийн төсөл, нэг Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулжээ.

Тодруулбал, хуульд заасан зөвшөөрлийн жагсаалтаас нэг тусгай зөвшөөрөл (цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг экспортлох, импортлох), 3 энгийн зөвшөөрөл (гадаадын төрийн өмчит хуулийн этгээд уул уурхай, эсхүл банк, санхүү, эсхүл хэвлэл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх; хуулийн этгээд нь хэрэгцээнээс илүүдэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг худалдан авах, эрх бүхий байгууллагад худалдах; давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-иос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авах, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх)-ийг хасаж, 2 тусгай зөвшөөрөл (тогтоосон агаарын хаалганаас гадуур нэвтрэх агаарын хөлөгт зөвшөөрөл олгох; хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх)-ийг энгийн зөвшөөрлийн ангилалд шилжүүлэн өөрчилж, цахим шилжилтийн эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан "кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх” болон “радио давтамжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглах" үйл ажиллагааг зөвшөөрөлтэй эрхлэхээр тус тус зохицуулахаар төсөлд тусгажээ.

Мөн зөвшөөрлийн зорилго, эрсдэлийн түвшин зэргийг харгалзан тавигдах нөхцөл, шаардлагыг стандартчилж, заавал мөрдүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд заасан 53 тусгай зөвшөөрөл, 6 энгийн зөвшөөрөлтэй холбоотой стандартыг тусгайлан батлахаар тусгасан байна. Зөвшөөрөл олгох, сунгахтай холбогдуулан хураах улсын тэмдэгтийн хураамжийн зорилгыг харгалзан урьдчилан төлсөн байхыг шаарддаг, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд төлсөн хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдэлтэй байдлыг арилгасан. Салбарын хуульд заасан зөвшөөрлийн төрөл, ангиллыг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэхээс гадна зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлагыг үйл ажиллагааны онцлог нэрийдлээр хэт ерөнхий, эсхүл оновчгүй байдлаар тогтоосныг өөрчлөх зохицуулалтыг оруулжээ.

Түүнчлэн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журмыг тухайлсан хуулиудад нарийвчлан тусгасан байна. Нөгөө талаар Зөвшөөрлийн тухай хуульд заасан жагсаалтад тусгагдаагүй боловч тухайлсан хуульд заасан зөвшөөрлийг, мөн зөвшөөрөл олгох харилцаатай холбоотой захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалтыг хүчингүй болгох өөрчлөлтийг холбогдох хуулийн төсөлд тусгасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.207.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.