НББХ: Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
Үйл явдал
/
2022-11-24
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.11.22) хуралдаан 13 цаг 04 минутад эхлэв. Хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо.
    Хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Танилцуулгадаа, Анх 1929 оны 11 дүгээр сарын 29-нд Засгийн газрын шийдвэрээр Хий судлалын больницийг байгуулснаас хойш Сэтгэцийн эрүүл мэндийн алба өргөжин хөгжсөөр Монгол Улсын хэмжээнд нийслэл, 21 аймагт сэтгэцийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг тогтолцоог бүрдүүлэн, хөгжүүлсэн.

    Монгол Улсын хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах, нийгэм, эдийн засгийн харилцаанд оролцох, бие даасан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан гээд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Үүнд эрүүл мэндийн салбар гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд 2021 оноос шилжсэн бөгөөд үүнээс өмнөх арван жилд Засгийн газар сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд жил бүр 12 тэрбум төгрөгийг зарцуулсан. Харин 2021 оноос гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр жилд дундажаар 12-13 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан нь тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах суурь тавигдаж байгаа талаар дурьдлаа.   

Тэрбээр мөн, цаашид хүний хөгжил, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалан сэтгэцийн эмгэг өсөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нийтийн эрүүл мэндийн тухай хуулийг батлуулах, нийгэмшүүлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээг аймгийн хэмжээнд нэвтрүүлж, хэвшүүлэх,  нийгэм, хамт олны дунд ажиллаж буй “Гэр” төвийн үйл ажиллагааг сэргээж, олон улсад хэрэгжиж байгаа сэтгэл заслын төвийг шинэ шатанд гаргах,  хөдөө, орон нутгийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг тогтмол дээшлүүлэхэд тусгайлсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, анагаах ухааны болон сувилахуйн сургалтын хөтөлбөрт сэтгэцийн эрүүл мэндийн хичээлийн цагийн эзлэх хувийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах асуудлыг салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байна гэлээ.  

    Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа, нар асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав. Гишүүд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай талаар, мөн төсөв мөнгө, хүний нөөцийн талаар ямар дэмжлэг шаардагдаж буй талаар, хүүхдийг бага наснаас нь сэтгэцийн эмгэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад юу шаардагдаж буй талаар асууж, тодрууллаа.

    Асуулт асууж, хариулт авч дууссанаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Бейсен, Б.Жаргалмаа нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Нийтийн эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон Электрон тамхины тухай хуулийн төслийг яаралтай оруулж ирж, Улсын Их Хурлаар батлуулах талаар болон Эмийн  хяналтын лабораторийн хүчин чадлыг төсөвийн хүрээндээ сайжруулах боломж байгааг ашиглан, шуурхай хийх талаар үг хэлэв.

    Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаас Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийг чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийг томилох, мөн Улсын Их хурлын гишүүн Ж.Чинбүрэнг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмэх горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг гаргаж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг батлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.105.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.