Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө
Үйл явдал
/
2022-11-24
Улсын Их Хурлаас долоо хоног бүрийн мягмар гараг бүр “Хуулийн мэдээлэл” арга хэмжээг зохион байгуулж, шинээр батлагдсан болон хэрэгжиж эхэлсэн хуулиудын үзэл баримтлал, ач холбогдол, үр нөлөө, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгсөөр байгаа билээ.

Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг нар өнөөдөр (2022.11.22) өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдээлэл авах эрхийн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай  хуулиудыг Улсын Их Хурал баталсан хэмээн Улсын Их Хурлын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллийнхээ эхэнд тодотгов.

Тэрбээр, Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлснээр төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй, иргэд төрөөс үйлчилгээ авахын тулд шат дамжлагагүй нэг цэгээс авдаг болох ёстой. Гэсэн хэдий ч төрийн байгууллагууд иргэдээс цаас нэхсээр байгаа нь цахим баримт цаасан баримтын нэгэн адил үйлчлэхтэй холбоотой зарим нэг эрх зүйн зохицуулалт дутуу байгаатай холбоотой. Тиймээс 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа хэмээлээ. Түүнчлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан. Тухайлбал хуульд зааснаас бусад тохиолдолд хүний эмзэг мэдээлэл буюу биометрик болон генетик мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглохтой холбоотой онцлог зохицуулалтыг тусгаж өгсөн. Мөн мэдээллийн хариуцагч тал буюу төр хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг давхар хариуцах эрх зүйн орчныг бий болгож өгснөөр хүний эрхийг хангахад дэвшил болсон гэдгийг тайлбарлалаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нэвтрэх, ашиглахад хязгаарлалт тогтоогоогүй 5 чиглэлийн 67 төрлийн багц мэдээлэл нээлттэй болсон. Түүнчлэн Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагаас өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, 171 хорооны бүртгэлийн нэгжээр дамжуулан нийт 313384 иргэн, 82242 хуулийн этгээд, 14288 төрийн албан хаагчид тоон гарын үсэг олгосон байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.78.117)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.