Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,
Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын Шинийн 1-нийг Монголын төр, ард түмэн Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэдэг сайхан уламжлалтай. Энэ жилийн хувьд Эзэн хааны маань түмэн өлзий гийсний 860 жилийн ой давхцан тохиож байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Их Хурал Хүндэтгэлийн хуралдаанаа зарлан хуралдуулж байна.
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн одон - Чингис хаан одон хүртээдэг уламжлалтай.
Энэ жил Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Дэчингунгаагийн Доржготов, Америкийн Нэгдсэн Улсын монголч эрдэмтэн, Макалестер коллежийн Эмерит профессор Жак Уэтерфорд нарт хүртээлээ.
Академич Д.Доржготов, профессор Жак Уэтерфорд болон Чингис хаан одонт Хүндэт эрхмүүд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, хүндэт зочид төлөөлөгчид, Монголынхоо нийт ард түмэнд Эзэн Чингис хааны түмэн өлзий гийсний 860 жилийн ой, Монголчуудын монгол хүн болж төрснөөрөө бахархах, монгол өв соёл, агуу түүхээрээ бахархах МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг ерөөе.
Чингис хаан Монгол туургатныг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, төр засах арга ухаан, хууль цаазыг тогтоон хэрэгжүүлсэн нь хүн төрөлхтний төрт ёсны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Чухам тийм ч учраас түүнийг дэлхийн түүхийн Мянганы суут хүмүүнээр өргөмжилсөн юм.
Эзэн Богд Чингис хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний хүндэт үүрэг бөгөөд Монголынхоо сэргэн мандлын шинэ ирээдүйг бүтээх, улс үндэстнээрээ, түүх соёлоороо бахархах үзэл хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.
Энэхүү түүхэн ойг угтаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эзэн хааныхаа агуу үйл хэрэг, үнэт өвийг судлан дэлгэрүүлэх, дээдлэн мөнхжүүлэх, эв эеийг бататгах зорилгоор Чингис хааны эш хөргийг албан байгууллага, айл өрх бүр хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан.
Өнгөрсөн сард дэлхийн жишигт нийцсэн, Ази тивд томоохонд тооцогдох “Чингис хаан” хаад язгууртны музейг бүтээн босгож, ашиглалтад орууллаа. Энэхүү музей Монгол нутагт анхны төрт улс байгуулагдсан Хүннү гүрнээс эхлээд Чингис хаан, түүний угсааны алтан ургийн ноёдын уг сурвалж, үйл хэрэг, монголчуудын бүтээн бий болгосон соёл түүхийг өргөн дэлгэр нээн харуулж чадсан нь хүн төрөлхтний түүх, Чингис хааны судлалд монгол түмний оруулж буй үнэ цэнэтэй хувь нэмэр гэж үзэж байна.
Хоёр хоногийн өмнө бид монголчуудын эх түүх, утга соёлын түүхэн дурсгалт бүтээл “Монголын нууц товчоон”-ыг 60 жилийн турш судалсан судалгаандаа тулгуурлан, эрдэмтэн доктор Балдандоржийн Сумъяабаатарын бүтээн туурвисан “Монголын нууц товчоон: Иж судалгаа” хэмээх 2262 хуудастай номыг танилцуулж, нээлтийн ёслол хийсэн.
Мөн Чингис хааны өвөг дээдсээс эхлэн Ил хаант улсын Өлзийт хаан хүртэлх бүхий л хаад, хатад, жанжид болон Монголын олон аймаг овог, дэлхийн улс орнуудын түүх, улс төр, эдийн засаг, соёлын бүхий л онцлогийг тод томруунаар бичиглэн үлдээсэн бүтээл болох Рашид ад дин Фазуллахын “Шашдирын чуулган” хэмээх 1162 хуудастай номыг Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Готовын Акимын орчуулснаар олон нийтэд хүртээл болголоо.
Эрхэм гишүүд ээ,
Их эзэн Чингис хаан шударга ёс, эв эеийн сэтгэлгээг Монгол төрийн бодлогын ёс суртахууны үндэс, хөдөлшгүй зарчим болгон тунхагласан. Үүнийхээ хүчээр дэлхийн бодлогыг тодорхойлогч Эзэнт гүрнийг байгуулж, улмаар энэ ертөнцөд 140 гаруй жил амар амгаланг тогтоосон билээ.
Тэрбээр нэгэнтээ “Хаан миний бие умард зүгийн их хээр талд аж төрөн сууж, чигч шударгыг эрхэмлэн тогтоогоод, бүрэлгэн сүйтгэхийг хориглон зогсоож, өмсөх хувцас, идэх хоолоо адуучин үхэрчинтэйгээ хуваалцан, ард иргэдийг хүүхэдтэйгээ адил энэрэн үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээ мэт хүндэлж, эе эвийг сахиулж, энэрэл хишгээ түгээж явна” хэмээн айлдсан түүхтэй.
Энэ бол шударга ёсыг эрхэмлэдэг, гагцхүү хууль засагладаг, ард түмнээ энэрдэг Төр оршин байхын утга учрыг тодорхойлсон хэрэг бөгөөд монгол хүн бүр, түүний дотор төрд алба хаагч хэн бүхэн эрхэмлэн санаж явах учиртай сургаал юм.
Чингис хааны байгуулж төлөвшүүлсэн төрт ёсны тогтолцоо, зарчим, төрийн ёс бэлгэдлийн үзэл санааг Монгол Улс үе үеийн Үндсэн хуулиуддаа тусган өнөөг хүртэл өвлөн уламжлан ирсэн билээ.
Цаашид Их хааныхаа үйл хэрэг, билиг сургаал, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг судлахын зэрэгцээ өнөөгийн төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаандаа үзэл санааг нь тусган хэрэгжүүлэх, төрийн алба, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ болгон мөрдүүлэх явдал нэн чухлыг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.
Төр төвшин, түмэн олон маань амгалан байж, хөх Монголын суу алдар ямагт мандан бадрах болтугай.
Улаанбаатар хот
2022.11.24
-
22 цаг 18 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин