Нийгмийн даатгал нь төр, ажил олгогч болон даатгуулагчийн төлсөн шимтгэлээр сан бүрдүүлж, уг сангаасаа даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, жирэмсний болон амаржсаны чөлөө эдлэх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох замаар орлогын баталгааг нь хангах арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, хүний амьдралын насан туршид тохиолдож болох жам ёсны болоод гэнэтийн эрсдэлийн үед нийгмийн даатгал нь даатгуулагч болон түүний гэр бүлд учрах санхүүгийн хүндрэлийг даван туулахад нь туслах нийгмийн хамгааллын тогтолцооны бүрэлдэхүүн юм.
Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн тэргүүлэгчдийн 1942 оны 27 дугаар хуралдааны шийдвэрээр Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийг 4 орон тоотой байгуулсан нь одоогийн Нийгмийн даатгалын байгууллагын суурь болсон юм.
Нийгмийн даатгалын байгууллага үүсэж, хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагаа, нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйлчилгээний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, үйл ажиллагааг нийгмийн даатгалын харилцаанд оролцогч талуудад тайлагнах, шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх “Нийгмийн даатгалын байгууллагын 80 жил-хөгжил, шинэчлэлийн алсын хараа” зөвлөгөөнийг өнөөдөр /2022.11.25/ Улаанбаатар хотод зохион байгуулав.
Энэхүү зөвлөгөөнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, Засгийн газрын гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад ажилтнууд, салбарын төв, орон нутгийн байгууллагуудын төлөөлөл, нийгмийн түншлэгч талууд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон даатгуулагч, ажил олгогч, олон улсын байгууллагын төлөөлөл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, шимтгэл төлөгч шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагч, нийгмийн даатгалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид зэрэг 800 гаруй төлөөлөгч оролцлоо.
“Монгол Улсын Засгийн газар нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын энэ оны намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн томоохон хэсэг болох тэтгэврийн шинэчлэлийг хүн амын насжилтын бодлоготой уялдуулан хийх, одоогийн тэтгэврийн тогтолцоог сайжруулах, даатгуулагч санхүүгийн олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлалын нэгдсэн сангийн хүрээнд нийгмийн даатгалд даатгуулсан залуучууд орон сууцтай болох бодлогыг цогцоор нь шийдэх шаардлагатай” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөгөөний оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ онцолсон юм.
Харин зөвлөгөөний хэлэлцүүлгийг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан хэлсэн үгэндээ, нийгмийн даатгалын шинэчлэлийг эрчимтэй хийж 2022 оны байдлаар нийгмийн даатгалын 34 үйлчилгээний 24 үйлчилгээг цахимжуулж, 12 үйлчилгээг төрийн үйлчилгээний E-Mongolia цахим сүлжээнд холбож, иргэдийн зарцуулдаг байсан 12 тэрбум төгрөгийн зардлыг зөвхөн нэг жилд хэмнэснийг дурдаж, Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан шинэчлэлийг хийж байгаа түүхэн цаг үед нийгмийн даатгалын харилцаанд оролцогч талууд, олон улсын байгууллага, нийгмийн даатгалын салбарын нийт ажилтан, албан хаагчдын хүчин чармайлт, оролцоо санаачилга чухал үүрэгтэй болохыг тодотгосон.
Нийгмийн даатгалд 54.0 мянган ажил олгогч, 1035.3 мянган албан журмын, 152.2 мянган сайн дурын даатгуулагч, нийтдээ 1187.5 мянган даатгуулагч хамрагдан, нийгмийн даатгалын санд 3.2 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлж байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 19.2 хувийг бүрдүүлэн, дотоодын нийт бүтээгдэхүүний 6.3 хувийг эзэлж байна. Жилд 701.9 мянган даатгуулагч нийгмийн даатгалын үйлчилгээ авч, үүнээс сар бүр 477.0 мянган хүнд тэтгэвэр, олгон, нийт тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт 3.5 их наяд төгрөгийг зарцуулж байна.
Дээрх бодлогын баримт бичигт нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн хувьд засаглалыг сайжруулах, сангийн хөрөнгийн менежментийг оновчтой болгох, эрсдэлгүй өсгөн арвижуулах, сангийн бодит хуримтлалыг бий болгох, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулах, тэтгэврийн шинэчлэлийг хүн амын насжилтын бодлоготой уялдуулан хийх, хувийн нэмэлт тэтгэврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, төлсөн шимтгэлтэйгээ уялдсан тэтгэвэр авах шударга зарчмыг нэвтрүүлэх, хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан даатгуулагч, иргэдийнхээ суурь хэрэгцээг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, шинэчлэл хийснээр шударга, боловсронгуй, ил тод засаглал бүхий нийгмийн даатгалын болон тэтгэврийн тогтолцоо бий болж, даатгуулагч, ахмад настны нийгмийн баталгаа сайжрах нөхцөлийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр илтгэлдээ дурдлаа.
Нийгмийн даатгалын байгууллагын хувьд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цахим Монгол” арга хэмжээний хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулах зорилтын хүрээнд цахим шилжилтийг үе шаттай зохион байгуулж даатгуулагчийн веб, “Нийгмийн даатгал” аппликейшнийг хөгжүүлж даатгуулагч нийгмийн даатгалд даатгуулах гэрээгээ цахимаар байгуулах, харилцагч ажил олгогчийн тайланг тоон гарын үсгээр баталагаажуулан цахимаар илгээх, 1.2 сая даатгуулагчид нийгмийн даатгалын цахим дэвтэр үүсгэх, нийгмийн даатгалын байгууллагын архивт байгаа 12.8 сая хуудас баримтыг бүрэн цахимжуулах, үйлчлүүлэгчдийн хамгийн их эрэлттэй үйлчилгээ болох шимтгэл төлөлтийн лавлагаа, мэдээлэл, ажилгүйдэл, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдлийг цахимаар илгээх зэрэг үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлээд байна.
Түүнчлэн, иргэд-даатгуулагчид, ажил олгогчдод үзүүлэх үйлчилгээний стандартын шаардлагыг хангах, ажилтнуудын ажлын бүтээмж, хандлага, хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд иргэд-даатгуулагчид, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг стандартын шаардлагад нийцүүлэн үзүүлэх зорилгоор төрийн захиргааны байгууллагуудыг манлайлан Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008, MNS ISO 9001:2016 стандартыг нийгмийн даатгалын 18 байгууллага үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Цаашид чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг нийгмийн даатгалын салбарын хэмжээнд бүрэн нэвтрүүлэхээр зорьж байна.
Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, нийгмийн даатгалд даатгуулж үр шимийг нь хүртэж байгаа иргэд, даатгуулагчид, тэтгэвэр авагчид болон нийгмийн даатгалын салбарын ололт амжилт, хөгжил, дэвшлийн түүхэн жилүүдэд хамтдаа байж, 80 жилийн түүхийг бүтээлцсэн, ниймийн даатгалын шинэ тогтолцооны эхлэлийг тавьсан ахмадууд, үе үеийн албан хаагчид Та бүхэнд талархал илэрхийлж, ажлын амжилт, эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
-
1 цаг 58 мин
-
21 цаг 59 мин
-
22 цаг 10 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин