З.ЖАРГАЛМАА: Эрдэнэт үйлдвэр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хамгийн сайн жишээ
Үйл явдал
/
2022-11-30
Хөдөлмөрийн харилцаа хүн бүрд хамаатай сэдэв. Тэр дундаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн асуудал Монголд сүүлийн үед хүчтэй яригдах болсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн Тэргүүлэх хуульч З.Жаргалмаа “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн олон улсын ба үндэсний эрх зүйн зохицуулалт” сэдвээр саяхан Хууль зүйн докторын зэрэг хамгаалсан юм. Түүнтэй судалгааны ажлын сэдвийн хүрээнд ярилцлаа.     

-Хууль зүйн докторын зэрэг амжилттай хамгаалсанд тань баяр хүргэе! Та хөдөлмөрийн эрх зүйгээр хэзээнээс мэргэшиж эхэлсэн бэ? 

-Баярлалаа. Би 1996 оноос өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Тэр үед Р.Нямцэрэн гэж нэр хүндтэй, туршлагатай өмгөөлөгч “ГОК”-ын ҮЭ-ийн холбоотой гэрээтэй ажилладаг байсан юм. Өөрөөр хэлбэл халагдсан ажилчдын өмгөөлөгчийн зардлыг Үйлдвэрчний эвлэл дааж хамтран ажилладаг байсан. Тэр үед залуухан өмгөөлөгч надад итгэл хүлээлгэж, “ГОК”-ын ҮЭ-ийн холбооны хэргүүдийг хариуцаж ажиллахыг анх санал болгосон юм. Хэсэг хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн халагдсан ажилчдыг буцаад ажилд нь тавиулдаг ажил хийлээ. Энэ үеэс хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэших сууриа тавьсан гэж хэлж болно.       

-Та дараа нь Эрдэнэт үйлдвэрт ажилд ороод ажлаас халах тушаал хянадаг болсон байхаа?  

-Тиймээ. Хамтын гэрээний хуульчаар ажиллахын зэрэгцээ ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн тушаалыг хууль зүйн талаас нь хянах голлох үүрэгтэй ажиллаж эхэлсэн. Тухайн үед ажлаас халагдсан нэг ч хүн шүүхээр буцааж тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хэнд ч хууль бусаар шийтгэл оногдуулаагүй гэсэн үг.

-Та Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр олон ажил ажилласан. Тиймээс эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн асуудалд илүү анхаарлаа хандуулсан уу? 

-Мэдээж нөлөөлсөн. Уурхайчин эмэгтэйчүүдийнхээ ажил, амьдралын онцлогийг сайн мэднэ. Эмэгтэй хүн бүр өөрийгөө хөгжүүлж боловсрохын зэрэгцээ ар гэр, ажлын карьераа амжилттай хослуулахыг хичээдэг боловч ихэнх нь нөхцөл байдлаас шалтгаалан ажил албан тушаал, боловсрол, гэр бүл гэсэн 3 сонголтоос аль нэгийг нь орхигдуулахад хүрдэг. Үүнд хувь хүнээс илүүтэй ажлын байр, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж, хууль эрх зүйн орчин зэрэг нийгмийн хүчин зүйлс нөлөөлж байна.

-Олон улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх ямар байдлаар баталгаажсан байдаг вэ? Энэ нь үндэсний хууль тогтоомжид хэр зэрэг тусгалаа олсон байна? 

-Эмэгтэйчүүдийн эрх нь хүний эрхтэй салшгүй холбоотой. Хүний эрхийг хамгаалах, олон улсын хөдөлмөрийн стандартыг тогтоох голлох баримт бичгүүд болох НҮБ, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцуудыг үндэсний хууль тогтоомжтой харьцуулан судаллаа. Олон улсын хөдөлмөрийн стандарт нь зохистой хөдөлмөрийг дэмжих, өөрөөр хэлбэл, аюулгүй, эрх чөлөөтэй, тэгш эрхтэй, хүний нэр төрийг хүндэтгэсэн, дарамт хүчирхийлэлгүй  орчин нөхцөлд хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, цалин хөлс нь өөрийн болон гэр бүлийн хэрэгцээг хангахуйц байх, нийгмийн хамгааллаар хамгаалагдсан байх явдал юм. Хөдөлмөрийн харилцааны явцад хүнийг нас, хүйс, шашин шүтлэг, албан тушаал, намын гишүүнчлэлээр нь ялгаварлах ёсгүй. 

-Хөдөлмөр эрхэлж байгаа хүн нийгмийн хамгаалалд багтах ёстой..?

-Зөв. Эх, нялхсын эрх ашгийг төр хамгаална гэж Үндсэн хуульд тунхагласан.1924 оны Үндсэн хуульд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг анх удаа баталгаажуулсан бол 1940 оны Үндсэн хуульд өвдөх, хөдөлмөрийн чадвараа алдах болон ахмад, жирэмсэн эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллын талаар тусгаж, ажлын 8 цагийг хуульчилсан. 1960 оны Үндсэн хуульд ажлын хорогдуулсан цаг, тэжээгчээ алдсаны тэтгэмж, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн үнэгүй тусламжийн асуудлыг тусгасан. Мөн олон хүүхэдтэй эхчүүдэд тусламж олгох, амаржих газар, ясли, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хуульчилсан нь эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ. 1992 оны Үндсэн хуульд гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж заасан. Үндсэн хуулийн эдгээр заалтууд нь 1925, 1930, 1933, 1934, 1941, 1973, 1991, 1999, 2021 оны Хөдөлмөрийн хуулиудад тусгалаа олж хөгжиж ирсэн. 

-Азийн орнуудад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин доогуур байдаг шүү дээ. Монгол улсын хэмжээнд ямар байдаг вэ?  

-ҮСХ-ны 2022 оны II улирлын байдлаар ажиллах хүчнээс гадуурх хүн амын 539437 эмэгтэй байгаагаас тэтгэвэрт гарсан 214599, өвчтэй 21568, хөгжлийн бэрхшээлтэй 15203, бусдыг асарсан 13059, жирэмсэн 106553 эмэгтэй дээрх шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 2022 оны 6 сарын байдлаар эрэгтэйчүүдийнх 68 хувь байхад эмэгтэйчүүдийнх 52 хувь байна. Энэ үзүүлэлт 2006 онд 64,3 хувь, 2018 онд 53,4 хувь байсантай харьцуулбал сүүлийн үед эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт буурч байгааг харж болно. Ялангуяа хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт буурсан нь хүүхэд асрах хүнгүй, цэцэрлэгийн хүрэлцээ дутмаг, агаарын бохирдолтой холбоотойгоор хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэссэн зэрэг олон шалтгаан бий.

-Гэрийн хөлсгүй хөдөлмөрт эмэгтэйчүүд ихэнх цагаа зориулж байна гэж ойлгож болох уу?  

-Болно. Эхнэр, нөхөр хоёулаа ажлын найман цаг ажиллаж ирчхээд эхнэр нь үргэлжлүүлээд гэрийн ажлаа хийдэг нь монгол гэр бүлийн нийтлэг төрх. ҮСХ-ны судалгаагаар эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд гэрийн ажилд 2,7 дахин их цаг зарцуулж байгаа нь хувь хүний хөгжил, нийгмийн оролцоог хангахад сөрөг нөлөөтэй.  

-Хөдөлмөрийн тухай шинэ хуулийн давуу болон сул талыг хуульчийн хувьд та хэрхэн дүгнэдэг вэ?

-Хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, барьцаа, бэлгийн дарамтыг хориглож, ялангуяа эхчүүдэд тохиромжтой зайнаас ажиллах, бүтэн бус цагаар ажиллах зэрэг цоо шинэ зохицуулалтууд орсон нь олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд нийцсэн. Гэвч 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн жирэмсэн, 8 хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх  насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, албан томилолтоор ажиллуулахыг хориглох тухай заалтыг 2021 оны хуульд зөвхөн 3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хамааруулах болсон нь дордуулсан гэж үзэж байгаа.

-Судалгааны ажлаараа эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангах үүднээс та ямар санал дэвшүүлсэн бэ?  

-Хууль эрх зүйн эх сурвалжийг өргөтгөх хүрээнд, хөдөлмөрийн харилцаанд, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд хэд хэдэн санал дэвшүүлсэн. Тухайлбал, хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр түр ажилд орсон эмэгтэй жирэмсэн боллоо гэхэд гэрээний хугацаа дуусахад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж, жирэмсний амралтаа, амаржсаны тэтгэмжээ авч чадахгүй хохирч үлдэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд хамгийн багадаа жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүртэл хугацаагаар ажлын байраар үргэлжлүүлэн хангах заалтыг Хөдөлмөрийн тухай хуульд тусгах шаардлагатай. Мөн хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орж байгаа ажилтны ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн тохиолдолд ажил олгогчийн зардлаар сургалтад хамруулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэснийг 18 нас гэж өөрчлөх нь хууль тогтоомжид нийцнэ. Ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан өөрийн хөрөнгөөр цэцэрлэг байгуулсан зардлыг аж ахуйн нэгжийн татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулж тооцох талаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэх мэт нэлээд олон санал дэвшүүлсэн. 

-Эрдэнэт үйлдвэрийн хувьд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг хэр дэмждэг вэ? 

-Эрдэнэт үйлдвэр маань сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувилал, спортын болон соёл, урлагийн цогцолбор гээд нийгмийн чиглэлийн цех олонтой. Тийм ч учраас нийт ажилчдын 32 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэтэл уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эзлэх дэлхийн дундаж үзүүлэлт нь 10 гаруй хувьтай байгаа. Энэ утгаараа Эрдэнэт үйлдвэр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хамгийн сайн жишээ. Харин 745 уурхайчин эмэгтэй оролцсон санал асуулгаар 74,6 хувь нь сүүлийн таван жилд байгууллагын зардлаар сургалтад хамрагдаагүй гэсэн дүн гарсан нь ажлын байран дээрээ сурч, хөгжих боломж нь хангалттай биш байна гэсэн үг. Зохистой хөдөлмөрийн гол агуулга нь хувь хүний хөгжил байдаг. Түүнээс гадна өндөр цалинтай, үйлдвэрлэлийн үндсэн мэргэжлүүдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь тун бага. Олон улсын Хөдөлмөрийн байгууллага эмэгтэй хүний эрүүл мэндэд харшлахгүй бол хүйсээр нь ялгаварлаж ажлын байрны сонгон шалгаруулалт явуулахыг халахыг зорьдог. Эмэгтэй хүн ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрх зөрчигдөж байгаа юм. Жишээ нь, Белазын жолооч болох мөрөөдөлтэй эмэгтэйд “уучлаарай, энэ эрэгтэй ажлын байр” гээд хориглочхож байгаа юм. Гэтэл эмэгтэй хүн хийх боломжтой ажил гэдгийг Оюутолгой харуулсан. Манайх энэ чиглэл рүү явах хэрэгтэй санагддаг.

-Баярлалаа.   

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.