Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархал”-ын өдөр маргааш тохионо. Үүнд зориулан МУСГЗ, сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу төрийн албан хаагчдад Чингис хааны эш хөргийн тухай олон сонирхолтой баримт, эрдэмтдийн судалгааг үндэслэн ярьж, сонирхолтой мэдээллийг хүргэлээ.
Тэрээр илтгэлдээ, Чингис хаан бол Их монгол улсыг байгуулсан, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч, агуу удирдагч, улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин, хоёр дахь мянган жилийн түүхэн хүн юм. Тэрээр 1189 онд Ван хан, анд Жамуха нарын дэмжлэгтэйгээр эцгийнхээ захирч байсан улсыг цуглуулан нэгтгэж, Хар зүрхний Хөх нуурт хаанд өргөмжлөгдөн нийтдээ 24 сая хавтгай дөрвөлжин км газрыг нэгтгэсэн их Монгол улсыг байгуулсан түүхтэй. Чингис хаан баруун Тангад улсыг дайлж яваад 1227 онд таалал төгссөн. Их хааныг таалал төгссөний дараа монголчууд уламжлалт ёс заншлаараа эх нутагт нь түүний шарилыг авчирч оршуулсан тухай Судрын чуулган, Монгол Юань улсын судар, Хятад, Монголын түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Гэхдээ одоог хүртэл онголсон газрыг эрдэмтэд хайсаар л байгааг дурдсан юм.
Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтоохоор олон эрдэмтэн судлаачид хуран чуулж, өвлийн эхэн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тодорхойлж, хуульчилсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн наадмаар буюу 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Чингис хааны түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс эш хөргийг нь дээдлэн залах тухай 159 дүгээр Зарлигийг гаргасан.
Эртний түүхэн хүмүүнийг анхлан зурж дүрсэлсэн эх хөргийг эш хөрөг гэх бөгөөд түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр бол Чингис хааны эш хөрөг нь 1278 онд Хубилай хааны даалгаснаар монгол зураач Хорихасуны зурсан хөрөг. Хубилай хааны зарлиг ёсоор бүтээгдсэн эш хөрөг нь хоёр хувь байх агаад алинаас алийг нь хуулсан бэ гэдгийг тогтоох боломжгүй байдаг. Одоогоор нэг нь Тайваний Үндэсний музейд, нөгөө нь БНХАУ-ын Түүхийн музейд бий бөгөөд эдгээр музейнхэн өөр өөрийн хөргийг жинхэнэ эх хэмээн маргадаг. Ямартаа ч эрдэмтэд энэ хоёр маш адилхан хөрөг зургийг хоёул 13-р зууны үеийн бүтээл гэдгийг бүх талаас нь судлан хөдөлшгүй нотолжээ.
Нэгэн сонирхолтой баримтыг өгүүлэхэд Чингис хааны бага балчир наснаас их хаан болох бүхий л цаг хугацаанд бидний амьдарч буй нутаг ихээхэн хамааралтай. Түүнчлэн Хятадын музейд хадгалагдаж буй Чингис хааны эш хөргийг энэ нутагт амьдарч байсан Лувсанцэрэнгийн ээж гэх хүнээс авч байсан талаар эх сурвалжид дурдсан талаар судлаач илтгэлдээ дурдсан юм.
Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахын төлөө Чингис хааны эш хөргийг залахыг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.160.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
22 цаг 12 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин