Хууль зүйн байнгын хорооны дарга болон холбогдох албаны хүмүүс УБЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа
Үйл явдал
/
2022-10-20

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2022.10.19/ Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа. Зочдыг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, Тамгын газрын дарга Г.Цолмон болон бусад газар, хэлтсийн дарга нар хүлээн авч байгууллагын үйл ажиллагаатай танилцууллаа.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хүрэлцэн ирсэн зочдод талархалаа илэрхийлж, “Улсын бүртгэлийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, цахим шилжилт” сэдвийн хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны танилцуулга, чиг үүрэг, түүнчлэн энэ онд онцлон хийгдэж буй цахим үйлчилгээ, тоон гарын үсэг олголт, үндэсний энгийн гадаад паспорттой холбоотой зохион байгуулан хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ.

Түүнчлэн, УБЕГ нь хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж, бүртгэлийн багц хуулийн шинэчлэлтийн хүрээнд процессын зарим нэг үйл ажиллагаанд ямар өөрчлөлтийг хийж хэрэгжүүлсэн,  мөн мэдээллийн сан, программ хангамж, техник технологи, цахимжуулалт зэрэг нь хууль тогтоомжид хэрхэн нийцэж буй асуудлаар холбогдох мэдээллийг өгч, харилцан санал солилцов.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан мөн яриандаа “...Бүртгэлийн үйлчилгээг сайжруулна гэдэг нь процессыг сайжруулахтай салшгүй холбоотой учраас үүнтэй холбоотойгоор иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлэх, үйлчилгээг хүртээмжтэй, хялбар байлгах, иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх үүднээс олон төрлийн боломж олгох, сонголт өгөх зорилгоор хэд хэдэн ажлуудыг санаачлан, үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.  Өнөөдрийн яригдсан онцлох асуудлын нэг бол энгийн гадаад паспортыг  2023 оноос эхлэн цахим гадаад паспорт руу шилжүүлэх үйл явц бөгөөд хууль эрх зүйн болон загварын хувьд холбогдох шинэчлэлтүүдийг хийсэн, мөн тоног төхөөрөмж, дэд бүтцийн тодорхой асуудлуудаа шийдсэн, дараа дараагийн алхамууд хийгдээд, бэлтгэл ажлаа хангаад явж байна. Цаашлаад тулгамдаж буй асуудлууд их байгаа ч бид тухай бүр шийдлийг олж, улам боловсронгуй болгох мөн цахимын багц хуулиуд болон бүртгэлийн багц хуулиуд хөрсөнд буухдаа хэрэгжилт ямар байна, аль шатанд явж байна, хэрхэн хангагдаж байна, юу нь болж юу нь болохгүй байна гэдэг тал дээр илүү анхаарч ажиллана ...” гэв. 

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар: “Улсын бүртгэлийн үйл ажиллагаа бодитоор цахимжиж, иргэдэд цаг хугацаа, орон зайнаас үл хамаарах үйлчилгээг хүргэж чадаж байна. Үүгээрээ нэг иргэн, нэг бүртгэлийн зорилгоо биелүүлжээ гэж дүгнэж байна.

Хур, дан систем болон e-mongolia систем дээрх үйлчилгээнүүд үндсэн цөм болох улсын бүртгэлийн мэдээллийн санд тулгуурладаг бөгөөд бүртгэлийн үйлчилгээ цахимжсаны үр дүнд иргэд төрийн үйлчилгээг орон зай хамаарахгүй буюу  засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй, цагт баригдахгүйгээр авах бүрэн боломж нээгдсэн.

Түүнчлэн, гадаад паспортоо цахим болгох  ажил ирэх онд эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө санхүүгийн асуудлыг ирэх оны төсөвт тусгах, программ хангамжийг шийдэх ажлууд яригдаж байна. Иргэд маань цахим буюу и- паспорттой болсноор бусад улс оронд зорчиход ямар нэгэн бэрхшээлгүй, саадгүй нэвтрэх боломж нээгдэнэ. Мөн иргэний үнэмлэхээ чипээр уншихаас гадна зайнаас уншдаг систем рүү шилжиж байна. Энэ мэтчилэн олон зүйлд дэвшил, ахиц гарч байгаа бөгөөд Улсын бүртгэлийн байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлж хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн төрийн байгууллагуудаас хамгийн түрүүнд цахимжсан, цахимжилтаараа тэргүүлж байгааг онцолъё... Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг Хууль зүйн байнгын хорооны зүгээс, УИХ-ын зүгээс бодлогын хүрээнд, хууль  тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хүрээнд мөн та бүхний хийж хэрэгжүүлж буй ажлыг үнэлэх тал дээр байнга дэмжин ажиллана гэдгээ хэлмээр байна.  Та бүхний төрийн төлөө, иргэдийнхээ төлөө хийж буй бүхэнд амжилт хүсье” гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.152.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.