Шадар сайд С.Амарсайхан хөшигийн хөндий дэх "Шинэ зуунмод" хот болон "Богдхан төмөр зам"-ын ажлын явцтай танилцлаа
Үйл явдал
/
2022-10-29

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.10.28/-ны өдөр Барилга, хот байгуулалтын яаманд ажиллалаа. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй албаныхан энэ үеэр 150 мянган хүн ам суурьшин амьдрах "Шинэ Зуунмод хотын төлөвлөгөөг шадар сайдад танилцууллаа.

Тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орон нутгийн зэрэглэлтэй "Шинэ Зуунмод" хотыг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн.

Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах” зорилт, арга хэмжээний хүрээнд “Төрийн захиргааны зарим байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэн шилжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хороог байгуулж, салбар хоорондын уялдааг хангах замаар үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын яамнаас Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан Засгийн газраар батлуулж, дараагийн үе шатны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, шинэ суурьшлын бүсийн эхний ээлжийн инженерийн бэлтгэл арга хэмжээ, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, ус, цахилгаан, дулаан хангамжийн ажлын зураг төслийг үе шаттай боловсруулаад байна.

Энэ онд эхний ээлжийн ус, цахилгаан хангамж, инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлж, дэд бүтцийн суурь ажлууд явагдаж байна.

Шинэ Зуунмод хотыг байгуулж хөгжүүлсэнээр тус хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 2040 он гэхэд 24 их наяд төгрөг буюу 8.5 тэрбум ам.долларт хүрч Улаанбаатар хот, Хөшигийн хөндийн бүс орчим ажлын байр, орлого бүрдүүлэгч сектэр болох юм.

Шадар сайд С.Амарсайхан Хөшигийн хөндийн шинэ хот байгуулах ажилд идэвхтэй оролцож байгаа Барилга, хот байгуулалтын яам, Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн хамт олонд талархлаа илэрхийлээд цаашид дараах үр дүнгүүдийг гаргаж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл болголоо. Үүнд:

- Шинэ хотжилт бүхий бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих,

- Нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулж, Хөшигийн хөндийд ажлын байрыг нэмэгдүүлэх,

- Шинэ хот, бүс нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бүрдүүлэн, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээг хөгжүүлэх,

- "Хөшигийн хөндий рүү төр захиргааны төв байгууллагуудыг нүүлгэх, бэлтгэл ажлыг хангах, үндэсний эрүүл мэндийн оншилгоо, эмчилгээний төвүүд, их, дээл сургуулиудыг нүүлгэх ажлын бэлтгэл ажлыг хангах уулзалтуудыг яаралтай эхлүүлэх,

- Ирэх долоо хоногоос дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах яриа хэлэлцээрүүдийг эхлүүлэх, тэр дундаа дотоодын уул уурхай, барилга, технологи, аялал жуулалын компани, ажуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэх,

- Үндэсний соёл, иргэншлийн өв уламжлалыг хадгалсан дэлхийн жишигт нийцсэн эрүүл, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан ногоон, ухаалаг хотыг байгуулах.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.42.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.