Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл хуралдлаа
Үйл явдал
/
2022-11-18
Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн 3 дахь удаагийн хуралдааныг /2022.11.16/-ны өдөр танхим, онлайнаар зохион байгууллаа. Хуралдаанаар Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлд хийсэн ажлын мэдээлэл болон санал, асуулгуудыг авч хэлэлцлээ.
Хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөл” ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын “Шүхэр” нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид яам, харьяа байгууллагуудын мэдээлэлтэй холбогдуулан саналаа хэлж, асуулт тавихын зэрэгцээ яамны дэргэдэх дэд зөвлөлийн үйл ажиллагааг сайшаан тэмдэглэлээ.
Төрийн нарийн бичгийн дарга, дэд зөвлөлийн дарга С.Магнайсүрэн гишүүд, харьяа байгууллагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
- Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичиг "Барилга, байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг төлөвлөх" /БНБД 31-23-22/ бичгийг сурталчлах хүрээнд эхний ээлжинд байгууллагуудад албан бичгээр мэдээлэл хүргүүлэх, төрийн бус байгууллагууд инженер, техникийн ажилтнуудад энэ талын сургалтыг явуулах; Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар Нийслэлийн төр, захиргааны 24 барилгуудад саадгүй байдал, хүртээмжийн үнэлгээ хийж, дүгнэлт, санал, зөвлөмж гаргаж, чиглэл өгөх үүрэг бүхий Дэд ажлын хэсэг гаргасан дүгнэлт болон санал зөвлөмжөө ирэх онд нийслэл, орон нутагт үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; Байгууллагын болон бусад төрийн үйлчилгээний цахим систем, веб сайтуудын хүртээмжийн үнэлгээг мөн хийж, шинэчлэл, сайжруулалтыг хийх;
 -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, төрийн бус байгууллагуудтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн орон сууцны хөтөлбөрийн төслийг дахин нягтлаад энэ ондоо багтааж батлуулах;
-Одоогоор түрээсийн орон сууцанд амьдарч байгаа 80 хөгжлийн бэрхшээлтэй айл өрхүүдээс зарим нь байрнаасаа нүүх тохиолдолд оронд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг оруулж байх ба цаашид баригдах түрээсийн орон сууцанд одоогийн мөрдөж байгаа 5%-ийг нэмэгдүүлэхэд анхаарах;
- Харьяа байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах боломжтой сул ажлын байрыг судлан, холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулалт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.2-т заасан шаардлагыг биелүүлж ажиллах;
- Олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч, тухайлбал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сайтар хангаж ажиллах,
- Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд салбарын болон байгууллагынхаа хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн сургалт, хэлэлцүүлэгтээ “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт” зэрэг хөгжлийн бэрхшээлийн талаарх сэдвийг тусгаж, энэ талын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж ажиллах;
- Хөдөлмөрийн тухай хууль, барилга байгууламжийн норм ба дүрмийн хэрэгжилтэд онцгойлон анхаарч, дээрх бүх асуудлаар Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгавар гаргаж, байгууллагуудад хүргүүлэх.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.8.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.