“ДЦС-IV”-ын залууст орон сууцны төслүүдийг танилцуулав
Үйл явдал
/
2022-10-20

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзаяа, Хөрөнгийн удирдлагын газрын Ахлах мэргэжилтэн Ч.Маргад-Эрдэнэ нар “Дулааны цахилгаан станц – IV”-ын залуустай уулзаж, шинээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

 

Уулзалтыг тус станцын Захиргаа хүний нөөцийн албанаас санаачлан зохион байгуулсан бөгөөд албаны дарга Ш.Туухайжин хүлээн авч, уулзалтын үйл ажиллагааг нээж үг хэллээ. Тэрбээр “ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58.7 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 54.8 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр бөгөөд 1500 орчим ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олон орчин цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэ техник, технологийг нэвтрүүлэн ард түмэндээ хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болох дулаан цахилгааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн.

Цаашид ч бид хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, харилцагч нарынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарын үзүүлэлтээрээ эрчим хүчний салбарын үйлдвэрүүд дотроос хамгийн шилдэг нь байхын төлөө чармайн ажиллах болно. Мөн бид ажил үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах эрч хүчийг бадраах зорилгоор өнөөдөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн төлөөллийг урьж, шинээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр болон түүнд хэрхэн хамрагдах боломжтойг та бүхэнд танилцуулахаар болоод байна” хэмээсэн юм.

 

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзаяа “ТОСК” ТӨХХК нь 2021-2026 онуудад “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон БХБЯ-ны үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дурьдаад “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Засгийн газрын санхүүжилтээр баригдах “Залуус 1” орон сууцны цогцолбор хорооллын төсөл, БНСУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1, 2” орон сууцны хороолол төсөл, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах “Ногоон нуур 1008” гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд төдийгүй Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслүүдийн талаар танилцууллаа.

 

Тодруулбал, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж төвлөрлийг сааруулах замаар шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх хүрээнд ажлын байртай уялдсан иргэдийн орлогод нийцсэн орон сууцаар хангах “Залуус” 5,000 орчим айлын орон сууцны цогцолбор хорооллын төсөл нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт “ТОСК” ТӨХХК-ийн эзэмшлийн 57 га талбайд, “Солонго 1, 2” орон сууцны хороолол төсөл нь “Буянт-Ухаа 2” хорооллын орчимд баригдах бол “Ногоон нуур 1008” төсөл нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Ногоон нуур орчимд баригдах юм. Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй тэргүүлэх зорилтууд болох иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой бөгөөд төслийн хүрээнд ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй 5000 айлын орон сууцны цогц хороолол баригдана.

Мөн агаар болон хөрсний бохирдлоос ангижирах боломжийг бий болгохоор гэр хороололд хэрэгжүүлж буй эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны төслийг танилцууллаа. Гэр хороолол дунд баригдаж буй эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцны жишиг хотхон нь гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтай, үерийн болон бохир ус зайлуулах нэгдсэн системтэй, 100 хувь нарны илчийг өөртөө шингээн халаах хабрид технологийг нэвтрүүлсэн гэдгээрээ давуу талтай. Түүнчлэн хүнсний нарийн ногоогоо өөрсдөө тариад хэрэглэж болох өвлийн хүлэмжтэй, хаус бүр ногоон байгууламж, тоглоомын талбайтай байхаар шийдэгдсэн, 1-2 давхар амины орон сууц байх юм.

Үүнээс гадна “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь иргэдийг орлогод нийцсэн тохилог орон сууцаар хангах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй дээрх төслүүддээ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр”-т хамруулах болон тодорхой тооны орон сууцыг түрээс, түрээслээд өмчлөх хэлбэрээр зорилтот бүлгийн иргэдийг хамруулахаар төлөвлөж байгаагаа дуулгалаа.

 

Харин Хөрөнгийн удирдлагын газрын Ахлах мэргэжилтэн Ч.Маргад-Эрдэнэ “ТОСК” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” болон “Түрээслээд өмчлөх орон сууц” хөтөлбөрийн талаар танилцуулж, “Түрээсийн орон сууц”-д зорилтот бүлгийн шаардлага хангасан иргэд буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, залуу гэр бүл, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гэр оронгүй болсон айл өрх, төрийн албан хаагч, олон хүүхэдтэй өрх толгойлсон айл зэрэг тодорхой тооны зорилтот бүлгийн иргэдийг хөнгөлөлттэй үнээр амьдрах боломжоор хангаж, ажилласан талаараа танилцууллаа.

“Дулааны цахилгаан станц – IV”-ын залуус орон сууцад хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, сонирхсон асуултад нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзаяа, Хөрөнгийн удирдлагын газрын Ахлах мэргэжилтэн Ч.Маргад-Эрдэнэ нар хариулт өгснөөр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.52.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.