Хэлэлцүүлэгт Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засаг, бизнесийн орчныг дэмжих бодлогын чиглэл” сэдвээр илтгэл тавилаа. Эдийн засгийн өсөлтийг зургаагаас дээш хувиар тогтвортой хадгалж, гадаад валютын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг Засгийн газар барьж ажиллаж байгааг тодотголоо. Мөн Засгийн газрын гол бодлого бол хувийн хэвшлийн эдийн засагт эзлэх хувийг нэмэгдүүлэх. Өнөөдрийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшил 78 хувь, төр 22 хувийг эзэлж байна. Цаашид Засгийн газар хувийн хэвшлийг дэмжихийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, Зөвшөөрлийн тухай хуулийг дагалдах хуулиуд, Чөлөөт худалдааны хэлэлцээр, Байгаль орчны үнэлгээ хийлгэх зохицуулалтыг өөрчлөхөөр төлөвлөж байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Мөн өнөөдрийн хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Монголын бизнесийн орчны нөхцөл байдал, бизнесийн сэргэлт” сэдвээр илтгэл тавив. Судалгаагаар Монголын бизнесийн орчны үнэлгээ 2023 онд 2020 оноос 4.03 хувиар буурсан гэж гарчээ. Тэр дундаа уул уурхай, аялал жуулчлалаас бусад эдийн засгийн салбаруудад бизнесийн орчны үнэлгээ эрс буурсан гэсэн судалгаа гарчээ. Бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд татварын таатай орчныг бүрдүүлэх, хууль эрхзүйн орчныг сайжруулах, бизнесийн зээлийн хүүг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, авлига хүнд суртлыг бууруулах, мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлдэх тогтолцоог өөрчлөх зэрэг санал хувийн хэвшлийнхэнд байгааг танилцууллаа. “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн төлөөлөл болсон 90 гаруй хүн оролцож байна.
-
2024-11-20
-
2024-11-20