С.Амарсайхан: “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна
Үйл явдал
/
2023-11-20

Төрийн ордонд зохион байгуулагдаж байгаа “Эрсдэлийн үндэсний форум” нь “Эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал” сэдвийн хүрээнд үргэлжилж байна.

 Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Эрсдэлтэй орчин ба Монгол хүн”, НҮБ-ын Суурин зохицуулагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Эваристе Коуасси-Комлан “Эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал”, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Нийгмийн эрсдэл ба нөлөөлөх хүчин зүйлс”, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гамшгийн эрсдэлийн өсөлт”, Мандал санхүүгийн нэгдлийн Чэйрман Ө.Ганзориг “Эрсдэлийн менежмент” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан илтгэлдээ “Энэ удаагийн форумыг “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа болохыг онцлоод “Өнөөгийн Улаанбаатар хот нь стандарт алдагдсаны тод жишээ бөгөөд тухайн улсын нийт хүн амын 7-14 хувь нь нийслэлдээ оршин суудаг бол үүнийг стандарт хэмжээ гэж үздэг. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдардаг. Энэхүү үзүүлэлт нь стандарт хэмжээнээс даруй 3.5-7 дахин их байна гэсэн үг. Стандарт бол нэг агентлагийн эсвэл нэг салбарын асуудал биш. Нийт улс орны эрх ашиг, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал эд эс нь юм. Хаана стандарт бодитоор хэрэгжиж мөрдөгдөнө, тэнд амар тайван амьдрал, хөгжил дэвшил цэцэглэнэ. Хүн амын амьдралын чанар сайжирна. Харин хаана стандарт алдагдана, тэнд аюулын харанга дэлдэж, ажилгүйдэл ядуурал нэмэгдэж, хөгжил боомилогдож байдаг.  Товчхондоо, Стандарт бол харилцан итгэлцэл, хариуцлагатай гүйцэтгэл, хяналт, үр дүнд суурилсан тогтвортой хөгжлийн үндэс.  Монгол Улс 6000 гаруй стандарттай. Энэ бага тоо биш. Зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд хэрэгждэг, хэрэгждэггүй 700 гаруй стандарттай. Эдгээр стандартаа шат шатандаа мөрдөж хэвшье, заримыг нь шинэчилж цэгцэлье, орчин цагийн чиг хандлагатай уялдуулан илүү боловсронгуй болгоё гэдэг асуудлыг би Хотын дарга байхаасаа хөндөж ярьж эхэлсэн. Одоо Шадар сайдын хувьд, гамшгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувьд салбар бүрт стандарт мөрдөж хэвшүүлэх тал дээр илүү бодит үр дүн гаргахыг зорьж, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлан хэрэгжүүлэх хүрээнд “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.93.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.