“Эрсдэлийн баатар мэргэжилтэн”-ээр ахлах ахлагч Д.Оюунбаатар тодорлоо
Үйл явдал
/
2023-11-20

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа 14 дэх удаагийн “Эрсдэлийн үндэсний форум”-ын хүрээнд эрсдэлийн баатар шилдэг иргэн, мэргэжилтэн, аж ахуйн нэгжийг шалгаруулж, шагнал гардууллаа.

“Эрсдэлийн баатар шилдэг аж, ахуйн нэгж”-ээр  “Баялаг энержи ресурс” ХХК, “Эрсдэлийн шилдэг мэргэжилтэн”-ээр Төв аймгийн Онцгой байдлын газрын Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Оюунбаатар, “Эрсдэлийн шилдэг иргэн”-ээр Монголын пажеро клуб тус тус тодорч, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.

Ахлах ахлагч Д.Оюунбаатар нь Онцгой байдлын байгууллагад 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Ажиллах хугацаандаа ахуйн болон ой, хээрийн гал түймэр, үер, усны ослын 256 удаагийн дуудлагаар 40128 цагийн үүрэг гүйцэтгэхдээ 102 хүний амь нас, аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийн  тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Тухайлбал, 2023 онд  Төв аймгийн Зуунмод сум тагтан дээр эд хогшил шатаж байна гэсэн дуудлагын дагуу ажиллаж, 24 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, амь насыг нь авран хамгаалсан бол Сэргэлэн сумын нутаг “Хүрэн дэл” гэх газарт аймгийн төвөөс 31км-т хоёр автомашин цасанд суусан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, автомашиныг татан гаргаж, 50-86 насны 11 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Мөн Төв аймгийн Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Мөнгөнморьт зэрэг өвөлжилт хүндэрч зудын өндөр эрсдэл үүссэн сумдын малчин, мал бүхий 700 гаруй өрхийн 2100 гаруй иргэнд хүнс, эм бэлдмэл, малын өвс, тэжээл хүргэх, малын бэлчээр гаргах, сум руу зорчдог төв зам болон бусад шаардлагатай зэрэг нийт 3345 км автозамыг гаргах ажлыг амжилттай зохион байгуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.148.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.