Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй хэдий ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотой гэдгийг тэмдэглэлээ.
Мөн “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаа гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.
Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, хамтын ажиллагааны түүхэнд бичигдэх томоохон төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгоход жинтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж буйгаа онцлов.
Элчин сайд М.Сингх аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажилласандаа баяртай буйгаа тэмдэглэв.
Тэр бээр цаашид хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Элчин сайд М.Сингх нь 2019 оноос Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллахдаа цар тахлын үед Энэтхэг Улсаас вакцин хандивлах, Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Кибер аюулгүй байдлын төв, Мэдээлэл, харилцаа холбооны аутсорсонгийн төв болон Монгол-Энэтхэгийн найрамдалт ерөнхий боловсролын сургуулийг Улаанбаатар хотноо байгуулах зэрэгт онцгой хувь нэмэр оруулсан юм.
-
2024-11-20
-
2024-11-20