У.Хүрэлсүх: Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерийн төвийг байгуулахад Засгийн газраас 94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-12-01

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх,БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нарын хамт Боловсрол, Шинжлэх ухааны салбарт ажиллалаа.

Үдээс өмнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах "Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерийн төв"-ийн бүтээн байгуулалтын барилгын суурийг тавилаа. Тус ёслолын ажиллагаанд ШУА-ийн  гишүүд оролцож, Монгол Улсын Ерөнхий сайд болон ШУА-ийн ерөнхийлөгч нар үг хэлэв.

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлэхдээ, “Манай улсын шинжлэх ухааны салбарын хувьд энэхүү кластерийн төв байгуулах явдал нь 1921 онд Судар бичгийн хүрээлэн, 1961 онд Шинжлэх ухааны академи байгуулагдсны дараа орох түүхэн үйл явдал болж байна. Шинжлэх ухааны салбарт цоо шинэ хандлага, таатай орон зай, дорвитой өөрчлөлт авчрах томоохон хөрөнгө орууллат хийгдэж байгаад баяртай байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шинжлэх ухаанд тулгуурласан төрийн бодлоготой байж улс орон хөгжинө. 2021 онд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага байгуулагдсны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Тэгш ойн босгон дээр түүхэн том бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Энэ ажилд Засгийн газраас 94,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ” гэсэн юм.

Цогцолборын барилгад олон улсын стандартад нийцсэн нээлттэй, салбарын дундын нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын заал, спорт заал, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей зэргийг байрлах бөгөөд Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд болон бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 3300 орчим эрдэмтэн судлаач, албан хаагчид ажиллах хүчин чадалтай шинжлэх ухаан, технологи, инноваци, танин мэдэхүйн төв болох юм.

Цогцолбор байгуулагдсанаар биотехнологи, нано технологи, мэдээллийн технологи зэрэг шинжлэх ухаан, инновацийн тэргүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны үндэсний төв, лабораториудыг байгуулагдах боломж, нөхцөл бүрдэх бөгөөд шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэх замаар үндэсний судалгааны чадамж сайжруулж, судалгааны ажлын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны үр ашгийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж буй.

“Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэн гарч байна

Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд БШУЯ-ны удирдлагууд ШУТИС-ын хичээлийн наймдугаар байранд дэлгэгдсэн  “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг үзэж сонирхлоо.  БШУЯ-аас зохион байгуулж буй тус үзэсгэлэнд боловсролын салбарт хэрэгжүүлж буй цахим технологийн дэвшил, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, үзүүлэн баримтууд тавигдсан байлаа. Цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэлээс эхлээд дээд боловсролын дипломын лавлагаа хүртэлх боловсролын бүх шатны үйлчилгээг цахимаар үзүүлэх боломж бүрдсэнийг тус үзэсгэлэнд оролцогчид харуулахыг зорьжээ.

Улсын их, дээд сургуулиуд, үндэсний томоохон компаниуд, оюутан залуус техник, технологийн дэвшил хөгжлийн хурдыг ашиглан ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, цэцэрлэгт нэвтрүүлэх олон төрлийн цахим үйлчилгээ, шинэ санаачлагыг гаргажээ. Тухайлбал цэцэрлэг, сургуулийн сурагчдын өдрийн хоолны чанар стандарт, хүүхдийнхээ сурлагын төвшин, цаг ашиглалт, хичээл сонголтод гар утаснаасаа хяналт тавих боломжийг эцэг эх, асран хамгаалагчдад олгох апликэйшн бүтээжээ. Баг сум, хороо, аймаг, дүүрэгт гээд орон даяар хийгдэж буй боловсролын салбарын бүтээн байгуулалттыг газрын кадастрын зурагнаас нь нарийвчлалтай товч мэдээлэл, явцын зурагтай нь шууд харах нэгдсэн мэдээллийн санг ч байгуулсан байна. Улсын их дээд сургуулийн багш нар энэ жил КОВИД19-ын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс шалтгаалан бүх сургалтыг онлайн хэлбэрээр явуулсан нь технологийн дэвшлийг үр өгөөжтэй хэрэглэх аргыг улам эрчимжүүлсэн гэдгийг онцолж байлаа. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тусгасан боловсролын салбар дахь цахим шилжилтийг хийх цогц зорилтуудыг хэрэгжүүлэх бүрэн боломж байна гэдгийг нотлон харуулж байна гэж Засгийн газрын гишүүд үзэж байлаа.

Үзэсгэлэнд зочлох үеэр идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа багш нарын төлөөлөл 10 багшид орон сууцны хөтөлбөрт хамрагдах эрхийн батламжийг гардууллаа.

У.Хүрэлсүх: Хүүхэд бүрийг ижил түвшинд чанартай боловсрол эзэмших боломжоор хангах ёстой

Ерөнхий сайд болон байнгын хороодын дарга нар дараа нь БСШУЯ-нд зочилж, албан хаагчидтай уулзаж, салбарын сайдын мэдээллийг сонслоо.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа -2050”  урт хугацааны хөжлийн бодлого, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2030”–д тус тус боловсрол шинжлэх ухааны салбарын баримтлах бодлогыг тодорхой тусгасан билээ. Эдгээр бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлгөөг БШУ-ны сайд С.Цэдэвсүрэн танилцууллаа. Тэрбээр хүүхэд бүрийг сургалт хүмүүжилд хамруулах тэр дундаа 2-3 настныг цэцэрлэгт нэмэлт бүлэг байгуулж авах, өдөр өнжүүлэх сургалтуудыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч байна. Олон улсын стандартад нийцсэн хүлээн зөвшөөрөгдөх боловсролын хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах, Монгол хэл математикийн хичээлээр шалгалт авах, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургалтад төгсөгчийг олноор хамруулах, их дээд сургуульд дунд сургуульд үзсэн түүх, уран зохиол монгол хэлний хичээл зэргийг дахин оруулахгүй байх зэрэг өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсөн гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ, "Улс орны хөгжлийн тулгуур нь шинжлэх ухаанд тулгуурласан боловсролын хөтөлбөрөөр хүмүүжсэн иргэд юм. Иймд боловсрол эзэмшиж, уламжлалт соёл, зөв төлөвшил, хүмүүжил олсон хүүхэд залуусыг бэлтгэх учиртай боловсролын салбарын хөгжилдөө бид анхаарах ёстой. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газраас боловсрол, соёл, шинжлэх ухаандаа оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бодлогоор дэмжиж байна. Товч дурдахад

·       2016-2020 онд манай Засгийн газар тус салбарт нийт 247 барилга байгууламжийг 582.4 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан нь сүүлийн 10 гаруй жилд хийсэн боловсролын салбар дахь хөрөнгө оруулалттай тэнцсэн

·       Цэцэрлэгийн хамран сургалтыг 2020 онд 81.5 хувьд хүргэн хүүхдийн хоолны нормативт зардлыг 50 хувиар мөн нэмэгдүүлсэн.

·       Ерөнхий боловсролын зарим сургуульд түрээсийн сурах бичгийн үйлчилгээ нэвтрүүлснээр сурагчид 100 хувь сурах бичгээр хангагдаж байна

·       Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн үндсэн цалинг 2018, 2019, 2020 онд үе шаттайгаар нэмэгдүүлснээр багшийн дундаж цалин хөлс 2020 оны байдлаар 1.2-1.3 сая төгрөгт хүрч, 2016 онтой харьцуулахад ерөнхий боловсролын сургуулийн багшийн цалин 54.4, цэцэрлэгийн багшийн цалин 59.8 хувиар нэмэгдсэн.

·       Сүүлийн 23 жил тасалдаад байсан Монголын багш нарын VII их хурлыг  Ерөнхий сайдын ивээл дор 2019  оны 4 сард амжилттай зохион байгуулсан.

·       2019 онд анх удаа шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг зохион байгуулсан гээд ирэх дөрвөн жилд Засгийн газраас дэвшүүлсэн тус салбар дахь зорилтыг хэрэгжүүлэхдээ дараах чиглэлийг баримтлан ажиллах үүрэг даалгаврыг өглөө.

1.      Цэцэрлэг, сургуулийн бага, дунд ангийн сургалтын хөтөлбөр, агуулгыг хүүхэд бүрийг эрүүл чийрэг, монгол хүн болгон төлөвшүүлэхэд чиглүүлэн хэрэгжүүлэх,

2.      Монгол хүүхэд эх орныхоо хаана сурч байгаагаас үл хамааран ижил түвшинд чанартай боловсрол эзэмших ёстой.

3.      Багшийн ур чадварыг хөгжүүлж, үнэлэмжийг нэмэгдүүлье.

4.      Тусгай хэрэгцээт боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийн сурах эрхийг хангахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбар нь хөгжлийн зүтгэх хүч, чиглүүлэгч  байх ёстой гэсэн 5 үүрэг даалгаврыг чиглэл болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.137.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.