"Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" аяны хүрээнд инженер, техникийн ажилтнуудыг хамруулан сургалт зохион байгууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-01
Өнөөдөр "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын байр "БАРИЛГАЧИН" танхимд барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг хангуулж ажиллах сэдвийн хүрээнд салбарын инженер, техникийн ажилтнуудад үнэ төлбөргүй сургалтыг зохион байгууллаа.
Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 199, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/117 дугаар хамтарсан тушаалаар 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” 3 сарын аяныг амжилттай хэрэгжүүллээ.
Аяны хүрээнд 4 бүлгийн 22 ажил зохион байгуулахаар төлөвлөж, биелэлтийг 95 хувьтай ханган ажиллав. Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах зарим арга хэмжээний тухай” 2023/03 дугаар албан даалгаврыг Нийслэл болон 21 аймагт хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж ажиллалаа.
Аяны хугацаанд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж буй “Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл”-ийн талбайд үзүүлэх сургалтыг газар дээр нь зохион байгуулав. Өмнөговь, Сүхбаатар Булган, Хөвсгөл, Увс, Орхон, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Өмнөговь, Сүхбаатар аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт БХБЯ, ХНХЯ-наас хамтарсан “Барилгын чанар, аюулгүй ажиллагаа” , “Хөдөлмөрийн аюулгүй байдал”, “Хөдөлмөрийн эрүүл ахуй”, “Краны ашиглалт, аюулгүй ажиллагаа”, “Барилгын хог хаягдлын менежмент”, “Барилгын талбай зохион байгуулалт”, “Барилга байгууламжийн техникийн аюулгүй ажиллагаа” зэрэг 11 сэдвээр мэргэжлийн сургалтуудыг амжилттай зохион байгуулж, нийт 750 аж ахуйн нэгжийн 8765 инженер, техникийн ажилтныг хамрууллаа.
Хяналт шалгалтын хүрээнд Улсын Ерөнхий байцаагчийн 02-00/37 дугаартай Төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж, улсын /ахлах/ байцаагчийн 149 албан шаардлага, 70 дүгнэлт, 561 зөвлөмжийг хүргүүлж, нийт 13 аж ахуйн нэгжид 66 сая төгрөгийн шийтгэл ногдуулж, 57 барилгын үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо. Мөн 294 барилгын хамгаалалтын түр хашаа, хамгаалах тор, хаалт, хашлага, шат, лифтний хонгилын хаалт, мэдээллийн самбар, эрсдэлээс сэргийлэх тэмдэг тэмдэглэгээг хийлгүүлж, ажилтнуудыг амь насны даатгалд хамруулж, 284 барилгын краны аюулгүй байдлыг хангуулан, 125 краныг буулгаж, 12 краны үйл ажиллагааг зогсоож, лацдах арга хэмжээ авч ажиллав.
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн барилгын материалын худалдаа эрхлэгч 376 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад улсын /ахлах/ байцаагчийн 02-13-01/039/976 дугаартай зөвлөмжийг хүргүүлэв.
Хяналт шалгалтын дүн, улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу 6 аж ахуйн нэгжийн Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.
Мэдээ мэдээлэл түгээх, сурталчлан таниулах чиглэлийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, Хотын стандарт хяналтын газар, 21 аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын цахим хуудсуудаар Хөдөлмөр аюулгүй ажиллагаатай холбоотой нийт 89 мэдээллийн постер, шторкийг олон нийтэд түгээсэн байна.
Цаашид барилгын салбарт ажиллагсад “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” аянаар зохион байгуулсан ажлын үр дүнгээ хадгалж, дээшлүүлэх, идэвхи санаачилга, хариуцлагатай байдлаар үлгэрлэж, аюулгүй ажиллагааны дүрмээ сахин ажиллахыг Та бүхэндээ уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.121.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.