УИХ-ын Хянан шалгах түр хорооны "Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг өнөөдрийн сонсголоор хэлэлцсэн юм.
Энэ үеэр Тавантолгой Оператор Түншлэл буюу Монгол майнинг энд эксплорэйшн ХХК, Овоот толгой ресурсес ХХК, Эрдэс майнинг оператор ХХК, Платинумланд ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг Шинжээч танилцуулж, Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгдмэл сонирхолтой этгээдүүдийг танилцууллаа.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авах үйл ажиллагаанд оролцсон компаниудын улс төрд хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээдийг танилцуулсныг хүргэж байна.
ШИНЖЭЭЧ: 2020-2023 онд зарлагдсан "Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонсгох" тендер нь 799 тэрбум төгрөгийн дүнтэй, Үнэлгээний хороо нь олон удаа солигдсон. Нээлттэйгээр гурван удаа тендер зарласан. Нэг удаа шууд гэрээ байгуулахдаа нээлттэй ил тод зарлаагүй байна. Зөвхөн мэдэж байсан этгээд л оролцох боломжтой байсан.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ямар далд гар, эрх мэдэл, ийм хүчтэй байдлаар нөлөөлөөд байсан талаар мэдэхийн тулд Тавантолгой Оператор Түншлэлд оролцсон "Монгол майнинг энд эксплорэйшн" ХХК, "Овоот толгой ресурсес" ХХК, "Эрдэс майнинг оператор" ХХК гэсэн дөрвөн компанийн харилцаа хамааралтай танилцана.
"Эрдэс майнинг оператор" ХХК-ийн тухайд...
- "Эрдэс майнинг оператор" ХХК-ийг Р.Батхишиг, Батын Даваадулам нар хамтран эзэмшдэг. Р.Батхишиг нь "Эм Жэй Ти" ХХК-ийг Зандаахүүгийн Хишигтогтохтой хамтарч байгуулсан нэгдмэл сонирхолтой этгээд байна. Зандаахүүгийн Энхболд нь энэ үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан.
- Зандаахүүгийн Хишигтогтох нь Амаржаргалын Гансүхийн 100 хувь эзэмшиж буй "Кэй Эйч Кэй" ХХК-ийн хамтарч байгуулсан байна. Амаржаргалийн Гансүх нь тухайн үед Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Зам тээврийн сайд байсан нөлөө бүхий этгээд юм.
- Батын Даваадулам нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дүү Ширнэнбандийн Болдхуягтай хамтран "Тив транс" ХХК-ийг байгуулсан байна.
"Овоот толгой ресурсес" ХХК-ийн тухайд...
- Тус компанийг "Эйшн Карго Сервис" гэх хуулийн этгээд үүсгэн байгуулсан. Мөн Беларусь улсын иргэн Slobsky Leonid хамтран байгуулсан байна. Энэ хүн Хөгжлийн Банкны сонсгол дээр Халтмаагийн Баттулгатай нэгдмэл сонирхолтой этгээдээр танилцуулагдаж байсан.
- Хөгжлийн Банкны хамаарал дээр гарч ирсэн хүмүүс энэ компани дээр дахин гарсан.
- "Монгол хьюндай автоматив" ХХК-ийг тогтоогоод аваарай. Нүүрсчдийн маф оффисоо барьсан газар нь тус компанийн нэр дээр байсан.
"Эрдэс майнинг оператор" ХХК-ийн тухайд...
- Тус компани нь Дугарсүрэнгийн Отгонлхагва гэх эцсийн өмчлөгчтэй. Гүйцэтгэх захирлаар нь Гончигжавын Батболд ажиллаж байгаа. Хөгжлийн Банкны сонсголын үеэр гарч ирсэн Мөнхсаруулын Чингүн 50 хувийн эзэмшиж байсан.
- "Хөхдэй хайрхан" ХХК-ийг Доржпаламын Амар, Мөнхсаруулын Чингүн, Энхболдын Билгүүн, ОХУ-ын иргэн Галсанов Сергей Дугарович хамтран байгуулж байсан. Доржпаламын Амар нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлийн төрсөн дүү юм.
Мөн үдээс өмнөх сонсголын үер улс төрд хамаарал бүхий этгээдийн "Эрдэнэс Монгол" ХК-ийн худалдан авах үйл ажиллагаанд оролцсон, харилцаа хамаарлыг танилцуулсан юм.
Тэрбээр "Спейшл майнинг сервис" ХХК нь 2019-2023 оны хугацаанд "Эрдэнэс Монгол" ХК-аас 706 тэрбум төгрөгийн үнэлгээтэй гурван гэрээ байгуулсан байна. 2021 онд зохион байгуулсан Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс, олборлолт, баяжуулалтын ажилд түншлэлийн гишүүнээр оролцсон. Энэ ажил нь 715 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй байсан. Энэ компанид улс төрийн хамаарал гарч ирсэн.
"Спейшл майнинг сервис" ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар Батбаярын Баттулга ажилладаг. Б.Баттулга нь "Туулкашмер" ХХК дээр хувьцаа эзэмшдэг. Тус компанийн хувьцааг 2008 онд УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн гэр бүлийн хүн Дамдинсүрэнгийн Хишигт эзэмшиж байжээ.
Б.Баттулга нь "Дипродертийз" ХХК-ийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж буй Гантөмөрийн Түвдэндоржтой хамт үүсгэн байгуулсан. Мөн Б.Баттулга нь "Чингисхаан голд" ХХК дээр 100 хувийн хувьцааг идэвхтэй эзэмшиж байна. Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж буй Гантөмөрийн Түвдэндоржтой хамтран эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан нэгдмэл сонирхол гарч ирсэн" хэмээн ярив.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20