Х.Болорчулуун: 2024 онд тэжээлийн таримлыг нэмэгдүүлэхээр 1.9 тэрбум төгрөгийг төсөвт суулган дэмжлэг үзүүлнэ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-08

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы /2023.12.08/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төлөвлөж буй бодлого арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл хийв. 

Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2009-2017 онуудад Мал хамгаалах сангаас, 2018 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилд 3-4 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэй 20-50 аж ахуйн нэгжүүдэд олгож, 100-180 ажлын байрыг шинээр бий болгож ажиллаж байна. УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын нийт хэмжээг 132 тэрбум төгрөг байхаар тусган 109 аж ахуйн нэгж, иргэнд 40.9 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, 41 аж ахуй нэгж,  иргэний 46 тэрбум төгрөгийн зээл банканд судлагдаж байна. Сүүлийн 5 жилд үржлийн адуу 1754, цэвэр үүлдрийн үхэр 3932, үржлийн гахай 797, мах, ноосны болон ихэрлэдэг удмын хонь 3000, сүү, ноолуурын ямаа 286, үржлийн өндөг 12.0 сая ширхэг, гүн хөлдөөсөн үр 200.0 мянгыг тус тус улсын хилээр нэвтрүүлсэн байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх малын гений санг хамгаалах, сайжруулах, малын үржүүлэг, био технологийн ажил, үйлчилгээг зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн малын удмын сангийн үндэсний цогцолборыг байгуулан ашиглалтад оруулсан. Тус төв нь өндөр ашиг шимт импортын бухны 38.9 мянга, Монгол Улсад баталгаажсан дотоодын бухны 2.7 мянга, импортын хуц, ухны 1.3 мянга, дотоодын хуц, ухны 21.8 мянга, нийт 64.7 мянган тун үрийг Монгол Улсын малын генийн санд хадгалж байааг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.

Сэрүүний улиралд сүү бэлтгэн нийлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид урамшуулыг 2020-2022 онд нэг литр сүү тутамд 500 төгрөг буюу 20 мянган иргэн, аж ахуйн нэгжид 10.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон бол 2023 оны 11 дүгээр  сараас эхлэн нэг литр сүү тутамд 1000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь сүүний аж ахуй эрхлэгчдэд бодит дэмжлэг боллоо гэв.

Мөн тэрбээр, махны чиглэлийн өндөр ашиг шимт хонины үржлийн аж ахуй байгуулах зорилгоор 2018 онд Франц улсаас 657 хонийг импортолж, тэдгээрийг нутагшуулан үржүүлснээр 4000 толгойд хүрээд байна. “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 2018 оноос эхлэн махны чиглэлийн герефорд, Сэлэнгэ үйлдвэрийн үржлийн бух, баяд, дархад үйлдвэрийн үржлийн өсвөр хуцыг орон нутагт олгож байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ, Франц, Герман, Словак зэрэг орнуудаас махны чиглэлийн лимузин, ангус, герефорд, сүү-махны хосолмол ашиг шимт монтебиллъярд, швицийн бор, сүүний чиглэлийн хар тарлан, голштейн зэрэг 2000 гаруй цэвэр үүлдрийн үхрийг импортолсон. Өсвөр үхэр, хонь бордох аж ахуй байгуулах өргөтгөх сонирхол малчид, фермерүүд дунд өргөн дэлгэрч, үхэр бордох, “Метагро”, “Газар, агро”, “Нүүдэлчин” зэрэг томоохон аж аж ахуйн нэгжүүд хонь бордож, гадаад зах зээлд нийлүүлэх аж ахуйн нэгжүүд Өвөрхангай, Сүхбаатар, Дорнод аймгуудад байгуулагдан энэ жилээс булангийн орнуудад махны нийлүүлэлт хийж байна гэв.

Мэдээлэлд, тэжээлийн ургамал тариалалтыг эрүүлжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд тариалалтыг 2018 онд 46 мянна, 2019 онд 43.8 мянга, 2020 онд 84 мянга, 2022 онд 64.2 мянга, 2023 онд 110 мянган га хүртэл нэмэгдүүлсэн. УИХ-аас 2020 онд баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс тэжээлийн үр, хүнсний улаан буудайн үр зэргийг импортлоход 88 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан 28.8 тэрбум төгрөгийн 42.3 мянган тонн бүх төрлийн малын тэжээл импортолсон бөгөөд бүх төрлийн малын тэжээл импортлоход нийт 4.5 тэрбум төгрөгийг татвараас чөлөөлсөн. Мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах малын тэжээлийн таримал тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор "100 сум, 100 га" арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө, төслийн тооцоог гаргаж, 2024 онд тэжээлийн таримлыг нэмэгдүүлэхээр  1.9 тэрбум төгрөгийг төсөвт суулган дэмжлэг үзүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор өвсний экспортыг 2024 онд 04 дүгээр сарын 01-ний өдөр, хивэг, тэжээлийн экспортыг 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хязгаарлах чиглэлийг Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн гэдгийг дурдав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.166.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.