Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
Л.Баатарсүрэн: Ховор нандин энэ дурсгалыг хадгалж үлдсэн жижигхэн хөх дэвтрээ төрийн музейд өгнө гэж бодож байна
Монгол орны хөгжлийн түүхэнд алтаар бичигдэх олон өөрчлөлт шинэчлэл гарч байсныг ард түмэн мэднэ. 1990 оны ардчилсан хувьсгалын шууд үргэлжлэл болсон анхны чөлөөт ардчилсан сонгууль 1992 оны 7 дугаар сарын 29-нд болж АИХ-ын 410 дугаар тойрогт 1974 сонгогч бүртгэгдэж 1972 сонгогч санал хураалтад орж 97.6 хувийн саналаар АИХ-ын депутатаар сонгогдсон юм. Миний биеийг АИХ-ын депутатаар сонгож, ардчилсан шинэ Үндсэн хууль батлах нэр хүндтэй ажилд оролцох боломж олгож, итгэл хүлээлгэсэн Өмнөдэлгэр сумын хөдөлмөрчид нийт сонгочдодоо баярласан сэтгэлийн үгээ дурсамждаа дахин бичмээр байна.
Ардчилал шинэчлэл бүтээн байгуулалтын 20 жилд миний хувьд нутгийн зон олонтойгоо үргэлж хамт байсандаа сэтгэл хангалуун байдаг. АИХ-ыг сонгох 12 дахь удаагийн сонгуулийн хуралдааны тухай бичиж тэмдэглэж, байсан зузаан хөх дэвтрээ эргүүлэн уншиж суухад ардчилсан шинэ Үндсэн хууль ямар их хүч хөдөлмөр, зүтгэл, сэтгэл, цаг хугацаа зарцуулж байсан нь өнөөдөр юм шиг сэтгэлд дотно тодхон байна. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг уншиж батлуулсан баярт мөчид сэтгэл догдлон баярын нулимс унагаж байлаа.
АИХ-ын чуулганы зав чөлөөгөөр сэтгүүлч хүний сониуч зангаар Үндсэн хууль батлах тэр цаг үеийн уур амьсгалд хөтлөгдөж нэг асуултад олон хариулт авч тэмдэглэж үлдсэн нь хорин жилийн дараа эргэн харж суухад сонин байна. АИХ-ын танхимд өглөө болгон шинэ сонины дугаар тавиатай байдаг байлаа.
1991 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гарсан “Үндэсний дэвшил” сонины 32 дугаарт “Депутатууд мич юм гээч” гэсэн нийтлэл гарсан байв. Хүн бүхэн өөр өөрийнхөө үзэл бодлоор хүлээн авч байлаа. Үүнээс санаа авч: -Таны дэргэдүүр хэдэн залуучууд өнгөрөхдөө мичнүүдийн нэг явж байна гэж ярих нь сонсогдвол та юу гэж бодох вэ ? гэсэн асуулт тавьж ярилцав. Мөн “Хүмүүс яагаад бухимдаад байна?”, “Сайхан хүүхэн, сайн хүүхэн хоёрын ялгаа”, “Хүний зан чанар ямар үед хурц илэрдэг вэ?” зэрэг асуултад хариу авч, 200 гаруй депутатын гарын үсгийг зуруулж, хадгалж авсан жижигхэн хөх дэвтэр минь миний ширээн дээр байнга байдаг.
Цаг хугацаа улиран өнгөрч олон сайхан нөхдүүд маань бидний дунд одоо байхгүй байгаа ч гэсэн миний хувьд бурхны оронд очсон нөхдийнхөө зургийг хар өнгөөр хүрээлж, нэрийг нь хашилтад хийж бичмээргүй байна. Хорин жилийн өмнө миний дэвтэрт гарын үсгээ үсгээ зурж байсан тэр сайхан дүр төрхөөрөө сэтгэл зүрхэнд минь хадгалагдаж явна.
Өөрийнхөө ядуухан бичсэн дурсамж, яаруу бичсэн шүлгээ бичихийн оронд сайн нөхдийнхөө сайхан дурсгалыг уншигч олондоо хүргэх сэтгэл өвөрлөж явдаг. Миний хувьд сайн ховор нандин энэ дурсгалыг хадгалж үлдсэн жижигхэн хөх дэвтрээ төрийн музейд өгнө гэж бодож байна. Ардчилсан шинэ Үндсэн хууль батлахад оролцсон тухайгаа дурсамж бичихэд хоёр гурван хуудсанд яахан багтах билээ. Тиймийн учир АИХ-ын депутат бүхэн өөрийнхөө гар бичмэл, тэмдэглэлийг дахин сийрүүлж оюун дүнгэлтээрээ баяжуулж дурсамжийн номоо гаргах байх гэж итгэж байна. Энэ нь өөрийгөө магтах гэсэн санаа биш түүхийн амьд гэрч болсны хувьд Үндсэн хуулийн түүхэнд далайд дусал нэмэр болох буй за.
Н.Төмөртогоо: Морь, бүргэдийн дүрс бүхий загвар дээр хэлэлцүүлэг явуулж нэлээд үзэлцсэний дараа одоогийн сүлдийг авсан
Хуулийн төслийг хэлэлцэх явцад тал бүрийн мэргэжлийн, олон намын төлөөлөл бүхий депутатууд идэвхтэй оролцож бүлэг, зүйл бүрд санал бодлоо хэлж, дүгнэлт гаргах замаар хэлэлцэн баталж байсан. Их Хурлын танхимд байрлуулсан дөрөв, таван микрофон үргэлж дараалал ихтэй байдаг байлаа. Энэ нь депутатууд өөрийн санал бодлоо илэрхийлж боловсронгуй хууль хийхэд хувь нэмрээ оруулах эрмэлзэл дүүрэн байв.
Зарим бүлэг, зүйлийг тохирохгүй маргалдах, дахин дахин санал хураах болон тохироогүйн улмаас хоёр, гурван өдөр үргэлжлүүлэн хэлэлцэх явдал ч гардаг байлаа. Жишээ нь, Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, улсын нэрийг Монгол Улс, БНМАУ, БНМУ гэсэн нэрээр тохирох талаар нэлээд удаан ярилцсаны дүнд эхний нэрүүдийг авахаар тохирч байлаа. Улсын сүлдийг уран бүтээлчид, зарим депутатууд хэд хэдэн загвар боловсруулж хэлэлцүүлсэн юм. Эдгээрээс морь, бүргэдийн дүрс бүхий загвар дээр хэлэлцүүлэг явуулж нэлээд үзэлцсэний дараа одоогийн сүлдийг авсан юм. Төрийн далбааг хэлэлцэх явцад бас л олон санал уралдуулж, улаан, хөхдөө хүртэл маргалдаж байж баталсан юм даа.
Зарим үед маргалдаж цэцэн мэргэндээ ч хүрэх тохиолдол байсан юм. Онцгой тохиолдолд уран бүтээлчид, олон улсын харилцаа, түүх соёлын чиглэлийн эрдэмтэн мэргэдийг урьж зөвлөгөөн авах ч явдал гарч байлаа. Энэ бүх үйл явдал нь хэлэлцэж байгаа олны санаа бодол Үндсэн хуулийг чанартай, урт настай, эрх чөлөөт ардчилсан нийгмийн зүй тогтлыг бүрэн тодорхойлж чадах тийм хууль болгохын төлөө бүгд эрмэлзэж байсан нь тодорхой байлаа. Зарим зүйл, бүлгийн заалтыг хэлэлцэхэд маш оновчтой хэлсэн санал засваргүйгээр шууд хуулийн заалт болон орж байв. Жишээ нь депутат Д.Чойжамц хамбын гаргасан “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн санал есдүгээр зүйлд тэр хэвээрээ батлагдсан юм.
Олон хоног хамт ажиллаж нутаг усаа мэдэлцэж завсарлага чөлөө цагаар алиа хошин зүйл ярилцаж, удаан цагаар хуралдсан биенийхээ хөшөөг гаргадаг байсан. Заримдаа зохиогч эзэнгүй, хамт олны бүтээл яруу найраг ч гардаг байлаа. Өдөржин хуралдсан депутатуудын алжаалыг тайлах зорилгоор Их Хурлын Тамгын газраас хааяа урлагийн арга хэмжээ зохиодог байв.
Хууль боловсруулж хэлэлцэж байх энэ үе нь улс төр, эдийн засгийн шилжилт болж манай улсын эдийн засаг хүндрэхийн зэрэгцээ хуучин худалдааны харилцаа бүхий гадаад орнуудын эдийн засаг нэг системээс нөгөөд шилжиж, худалдаа гадаад худалдаа зогсонги байдалд орсноос санхүү, хөрөнгө мөнгөний бололцоо хүнд байсан юм. Гэвч энэхүү эдийн засгийн хүндрэлийн үед Үндсэн хуулиа баталсан нь том ялалт байлаа.
Монголын ард түмэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх, өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, хүүхэд төрүүлэхэд мөнгөн туслалцаа авах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, соёл урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлах, төрийг удирдах хэрэгт оролцох, нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл үүднээс нам олон нийтийн байгууллага байгуулах, эвлэлдэн нэгдэх, улс төр, эдийн засаг, эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй халдашгүй чөлөөтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг бататгасан хүний эрхийг дээдэлсэн хууль болсон.
Үндсэн хуулийг хэлэлцэж батлахад хөдөө аж ахуй, үйлдвэр, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн зэрэг бүх салбарт ажилладаг төрөл бүрийн мэргэжлийн депутатууд олон ургалч үзлийг уралдуулан олон хоног нухацтай хэлэлцэж, олон дахин ярилцаж ардчилсан Үндсэн хуультай болоход хувь нэмрээ оруулж байсан. Энэ нь түүхийн нэгэн үед адил нийгмийн байгуулал бүхий социалист орнууд нэгдэж байсан улсуудтай харьцуулахад богино хугацаанд ардчилсан үйл явц баталгаажих улс төр, хууль зүйн үндэс нь нийгмийн харилцааг зохицуулагч тулгуур хууль-ардчилсан төрийн байгууллын үндсийг тодорхойлогч улс төрийн баримт бичиг болсон Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж билээ.
Д.Рэнцэннацаг: “Монгол Улс Зэвсэгт хүчинтэй” байна гэсэн саналаа депутат нөхдөдөө дахин тайлбарлаж энэ заалтыг хуулиндаа оруулж билээ
1990 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр. Хот хөдөөгийн 430 депутат анх төрийн түшээд болон нэг дор цугларахад бид хот, хөдөөгөөр ялгараад л, хөдөөнөөс ирсэн депутатууд нь хотын нөхдөөсөө жаахан "жийрхээд ч" байх шиг их л болгоомжтой харьцана. Хотынхон нь болохоор хөдөөний нөхдөө бас л сонсоод л байж билээ.
Энэ чуулганаар Монгол Улсынхаа анхны ерөнхийлөгчөөр Завхан нутгийн уугуул хүү П.Очирбатыгаа нийт депутатуудын 88.5 хувийн саналаар сонгож билээ. Бас дэд ерөнхийлөгчөөр нь Р.Гончигдоржийг нийт депутатуудын 99.2 хувийн саналаар сонгосон санагдана. Мөн анхны Улсын Бага Хурлын гишүүдийг сонгосон, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын ерөнхий прокурор, Дээд шүүхийн дарга нарыг томилон баталж билээ.
Гал дөлтэй эхний долоо хоног
Анхны маргаан “Дэг гэсэн үгнээс үүдэв. “Дэг” маань заавал дээрээ баталгаатай байх юм гэнэ ээ. Дэгийг хэн батлах вэ? Зарим нь Ерөнхийлөгч батална, зарим нь бид цөмөөрөө гарын үсэг зурна л гэнэ, зарим нь өө энэ “Дэг-мэг”-ээр ер нь яах юм бэ, бид чинь бүр том юм батлах бүтээх гэж байгаа хүмүүс л гэнэ, зарим нь “Дэг” үгүй бол ч ёстой “дээлгүй” болно гэнэ. Ийнхүү маргасаар 3 хоногийг ардаа орхиж билээ. Депутат бүрийн санал бодлыг зөв сонсож, зөв шийдэлд хүргэх гэж олон халуун өдөр өнгөрсөн юмсан.
Үндсэн хуулиа хэлэлцэж байх явцад өөрийн хэлж байсан зүйлийг эргэн санахуйд:
Олон нам-эвсэл холбоодын тухай ид маргаж байхад -Монгол Улсад олон нам хэрэггүй, олон намтай болбоос энэ цөөхөн монголчууд тарж бутарна гэж ярьж билээ.
Өмч хувьчлалыг ард нийтээрээ хэлэлцүүлэх, хөгжилтэй орнуудын туршлага судлах хэрэгтэй, хүний эрх, үүргийн талаар эрх нь олдоод, үүрэг нь алга боллоо гэсэн санагдана.
Хуруудсан нь
Зургадугаар микрофон дээр би үг хэлэх гэтэл, Элбэгээ маань би хэлнэ гэх. Хэн хожсон нь үг хэлэхээр тохиролцоод хоёулаа хуруудтал 2:1 харьцаатайгаар би хожиж эхлэн үг хэлж билээ.
300 гаруй шагай цуглав
Бид Улаанбаатар зочид буудалд байрлаж байв. Нэг удаа өдрийн хоолонд бүхэл мах өгдөг юм байна. Гэтэл хүн бүрд шахам богийн шагай чөмөг өглөө. Би үйлчлэгчдээ тоглоом болгоод л ахдаа 4 ширхэг шагай аваад ирээрэй, шагай хаяж үзье гэв. Гэтэл маргааш өдөр нь нөгөө үйлчлэгч маань надад 300 ширхэг шагай цуглуулчихсан уутанд хийчихсэн өгч билээ. Би билэгшээгээд л тэр олдон шагайг авсан. Тэр шагайнууд одоо хүртэл манай гэрт байдаг, би шагайгаа харахаар нөхдөө дурсан санадаг юм.
Дарга аа, энэ нөхрийг хэд хоног Шар хаданд хэвтүүлээд өгөөч
Бид чинь олон хоног, олон цагаар хуралдаад, нэлээн их ядарна аа. Тэр үед нэг хүн олон удаа үг хэлэх, хэлсэн үгээ давтаад л чанга чанга дуугаар ярихаар нь хааяа бид бас тэр хүндээ уурлана. Ямар сайндаа нэг депутат нэгийгээ (нэр хэлсэнгүй) суулгахын тулд “Даргаа энэ нөхрийг хэд хоног Шар хаданд хэвтүүлээд өгөөч, жаахан чихээ амраах юмсан” гэхэв дээ.
“Султан-хаан” тодрох шахав
Хүний эрх, эрх чөлөөний тухай бид тун нухацтай хэлэлцэж байтал Гантөмөр депутат "Монгол Улсын иргэн хоёр эхнэртэй байж болно" гэсэн санал оруулдаг юм. Бид их хөхрөлдөн зарим нь нөгөө нөхрийг цаашлуулан: “Одоо бүр “Султан-хаан" болох нь ээ гэж хөхрөлдөв.
Олон ня-бо-той болов
Ерөнхийлөгч маань нэг удаа үг хэлэхдээ: “Энэ удаагийн чуулганы зардалд 3 сая 520 мянган төгрөг баталсан, чуулган 21 хоног хуралдана. Та нөхдийн хэлэх үгний 1 минут нь 118 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэснээс хойш манай депутатууын дунд тоо боддог хүн олширч билээ.
Зэвсэгт хүчний тухай
Эрх биш Зөвлөлтийн армийн хоёр ч том академи төгссөн хүний хувьд батлан хамгаалах асуудал, аливаа улс гүрнүүдийн цэрэг армийн талаарх багагүй мэдрэх болсон хүний хувьд Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй байх талаар саналаа хэлтэл, депутат Л.Пүрэвдорж. “Депутат Рэнцэннацаг зэвсэгт хүчний талаар буруу ярьж байна. Зэвсэгт хүчин чинь далайн цэрэг, нисэх хүчин, хуурай замын цэрэг гурваас бүрддэг юм. Тэгвэл манайд аль аль нь байхгүй юм чинь Монгол Улс өөрийгөө хамгаалах цэрэгтэй байна” гэж хуульд оруулъя гэдэг юм байна. Би Пүрэвдорж генералдаа уур хүрч “генерал” хүн арай ийм юм ярих гэж дээ хэмээн бодон “Монгол Улс Зэвсэгт хүчинтэй” байна гэсэн саналаа депутат нөхөддөө дахин тайлбарлаж бид энэ заалтыг хуулиндаа оруулж билээ.
Үндсэн хууль баталж байсан бидний мэддэг ганц зүйл, мэддэггүй хэдэн зүйл
Мэддэг ганц нь:-Монгол Улсын Үндсэн хууль Монгол Улсын оршин тогтнох үндэс мөн.
Мэддэггүй нь: -“Авлигал, хээл хахууль өгөх-авах байтугай энэ үгийг мэддэггүй байсан.
-АИХ-ын чуулган чин сэтгэлээсээ хүндэтгэдэг, хурал таслах байтугай чөлөө авах, гадаад дотоодод руу томилолтоор явах битгий хэл хурлаа нэг ч цаг тасалдаг хүн байгаагүй.
- Хоорондоо маргалддаг ч гэсэн хэн нэгнийнхээ нэр хүндэд халдах, доромжлох явдал огт гарч байгаагүй.
-Төрийн түшээд болох гэж улайран ард түмнээ мэхлэн худлаа амлах, мөнгө төгрөг өгч, гарч ирсэн нэг ч депутат бидний дунд байгаагүй. Энэ бүхнийг эргэн санахад бидэнд өөрсдөөрөө бахархах, ард түмэн үр хүүхдийнхээ өмнө ичих зовох зүйлгүй амьдарч байгаадаа баярладаг.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20