Үндэсний давхар даатгал ХК AM Best агентлагаас ВВ+ үнэлгээ авлаа
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч AM Best агентлагаас дотоодын цорын ганц давхар даатгагч болох Үндэсний давхар даатгал ХК-ийн ерөнхий санхүүгийн чадавхыг B, урт хугацааны зээлжих зэрэглэл BB+, цаашдын төлөвийг “Тогтвортой” гэж үнэллээ.
Манай дотоодын давхар даатгагчийг тус агентлагаас ийн үнэлсэн нь Үндэсний давхар даатгал ХК нь олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээгээ харилцагчдадаа хүргэдгээс гадна хөрөнгө, эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэн ажилладаг, чадварлаг баг хамт олон гэдгийг илтгэж байна. Тодруулбал, тус компани балансын чадавхын хувьд “very strong” буюу “маш өндөр”, үйл ажиллагааны гүйцэтгэл, эрсдэлийн удирдлагыг “хангалттай” хэрэгжүүлэн ажилладаг гэж үзжээ.
Мөн Үндэсний давхар даатгал ХК-ийн өнгөрсөн жилүүдийн гүйцэтгэл, ирэх жилийн стратеги болон бизнес төлөвлөгөөг үндэслэн Монгол Улсын даатгалын салбарын хөгжилд чухал үүрэг, оролцоотой компани болохыг онцлон дурджээ.
Эй Эм Бэст агентлагийн Хөрөнгийн зохистой харьцааг тооцох аргачлалын дагуу тус компанийн эрсдэлд тохируулсан капиталжуулалтыг хамгийн өндөр түвшинд үнэлснээр балансын чадавх маш өндөр гэсэн дүгнэлтэд хүргэжээ. Мөн Монгол Улсын ДНБ-ий 13 хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн даатгалын үйлчилгээг орон даяар үзүүлж, нийгэм, малчин өрхийн тогтвортой байдлыг хангахдаа өндөр үнэлгээ бүхий давхар даатгалын компаниудтай хамтран ажиллаж, байгалийн гамшигт үзэгдлийн сөрөг нөлөөнөөс компанийн хөрөнгө, санхүүгийн найдвартай байдлыг ханган ажилладаг нь үйл ажиллагааны гүйцэтгэл “хангалттай” үнэлэгдэхэд нөлөөлсөн.
Үүнээс гадна тус компани сүүлийн 5 жилийн хувьд 25.2 хувийн цэвэр хураамжийн орлогын өсөлттэй ажилласнаар жилийн нийлмэл өсөлтийн хувь эрчтэй өссөн байна.
Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлант: “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү явдал нь бидний давхар даатгагчийн хувьд улсдаа болон иргэд аж ахуйн нэгжийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх өндөр чадамжтайг үнэлсэн үнэлгээ юм. Улмаар бид цаашид давхар даатгалын үйлчилгээг дан ганц дотооддоо үзүүлэх бус олон улсад үзүүлэх нөхцөл бүрдэж буйгаас гадна гадаадын түншлэлийг улам бэхжүүлэх замаар Монгол Улсын даатгалын салбарын хөгжил, эдийн засгийн төрөлжилтөд оруулж буй хувь нэмрээ улам сайжруулна гэдэгтээ итгэлтэй байна”.
Эй Эм Бэст агентлаг нь дэлхийд даатгалын салбараар мэргэшсэн, олон улсын цорын ганц үнэлгээний байгууллага бөгөөд олон улсын тэргүүлэх 4 агентлагийн нэгд тооцогддог. Аливаа байгууллагын санхүүгийн чадавх болон зээлжих зэрэглэлийг үнэлэхэд улсын зэрэглэл суурь нөлөөтэй байдаг ба Үндэсний давхар даатгал ХК дотоодод төдийгүй олон улсад үнэлэгдсэн, мэргэшсэн чадварлаг хамт олон гэдгээ батлан харууллаа.
Даатгалын компаниудын зээлжих зэрэглэл яагаад чухал вэ?
Иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тогтвортой байдалд даатгалын компанийн үүрэг, оролцоо нэн чухал билээ. Дэлхий нийтэд эрсдэлийн далайц, цар хүрээ томорч байгаагийн хэрээр даатгалын компани, тэр дундаа өндөр хэмжээний эрсдэлийг шилжүүлэн авах давхар даатгалын компанийн үүрэг, оролцоо нэн чухал болсоор байна.
Тэгвэл хөндлөнгийн үнэлгээний компаниас даатгалын компаниудад ерөнхий санхүүгийн чадавх болон урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтоож буй нь харилцагч талаасаа авч үзвэл хохирол учирсан үед нөхөн төлбөрийг цаг тухайд нь шуурхай төлөх чадамж хэр байгааг үнэлж буй хэлбэр гэж хэлэхэд болно. Хөрөнгө оруулагч талаасаа зээлжих зэрэглэл сайтай компани нь таны оруулсан хөрөнгийг зөв удирдан, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх чадамжтайг илтгэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.35.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20