Тэс сумын Арц-суурийн боомтыг байнгын ажиллагаатай болгох тал дээр бодлогын дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллах үеэрээ Баянтэс, Тэс сумын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, нэн шаардлагатай дэмжлэгийг өгч, ажиллалаа
Баянтэс сумын хувьд энэ сарын 10-13-нд эрс хүйтэрч шөнөдөө 37-42 градус хүрсэн бол 13-14-нд шилжих шөнө энэ жилийн хамгийн их хүйтрэлт болж агаартаа 50 градус, хөрсөндөө 47 градус хүрч хүйтэрснийг сумын Онцгой комиссоос мэдээллээ.
Өнгөрсөн намраас хойш 12 дугаар сарын 14-нийг хүртэл 25 удаа цас орж, нийт нутгаар 35-40 см цасан бүрхүүл тогтсон бол гуу, жалга гэх мэт хунгарласан хэсгээрээ цасны зузаан 120-160 см байна. Иймээс мал бэлчээрлэх боломжгүй болж, зарим зам, даваа хаагдаж, нөхцөл байдал хүндэрсэн талаар сумын Засаг дарга Х.Лүндээжанцан мэдээлсэн юм.
Тэс сумын хувьд мах бэлтгэн, нийлүүлэх хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд энэ өвлийн мах бэлтгэх, нөөцлөх ажлын хүрээнд 55 тонн үхэр, адуу хонины мах бэлтгэжээ. Мөн тус сумын 60 малчин өрх 4тн адууны мах , 57тн үхрийн мах, 109тн хонины мах, 71тн ямааны мах бүгд 241тн мах зах зээлд нийлүүлэгдэхээр бэлтгэсэн байна. Тус суманд мөн л цас их орсны улмаас нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, дагтаршиж, мал хөлөөр бэлчээрлэх боломжгүй болжээ.
Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр Баянтэс сумын Бужир багийн малчин Г.Чимэддорж, Тэс сумын Дооно багийн малчин Дугар нарын хотонд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Дугар гуай намар эрт өвс, тэжээлээ зэхэж, сумын төвд хураасан ч, цас орж, зам харгуй хаагдсанаас өвс тэжээлээ татах боломжгүй болсон талаар дуулгалаа. Мөн малын түүхий эд, үнэгүйдсэн, түлш шатахуун хомсдож байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байгааг хэлж байлаа.
Засгийн газрын шийдвэрээр Улсын нөөцөөс Завхан аймагт хөнгөлөлттэй үнээр олгож буй 495 тн хивэг тэжээлээс Тэс суманд 40 тн хуваарилагдаж, газар дээрээ хүргэгдэж ирээд байна. Мөн Тэс суманд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Улсын нөөцөөс 5 тн түлш, 40 тн хивэг тэжээл нэмэлтээр олгохоор газар дээр нь шуурхай шийдвэрлэлээ.
Мөн Тэс сумын Арц-суурийн боомтыг байнгын ажиллагаатай болгох тал дээр мөн бодлогын дэмжлэг үзүүлнэ гэдгийг Шадар сайд хэллээ. Тэрбээр “Засгийн газраас хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутаг дахь хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар хил орчмын эдийн засгийн эргэлтийг сайжруулах, түлш шатахууны импортыг нэмэгдүүлэхээс эхлээд орон нутагт олон боломжуудыг бүрдүүлэхэд анхаарч байна” гэсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.205.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20