Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил 90 хувьтай байна
Үйл явдал
/
2023-12-18
“Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төсөл” 2018 оноос эхэлж 2020 оны 6-р сарын 30-нд дуусахаар гэрээ хийгдсэн. Гэвч тухайн үед олон улсын тендерээр шалгарсан Пфайфер компани дампуурч татан буугдсанаар “Байгууламж” ХХК тендерт шалгарч өнгөрсөн оны 10-р сарын 27-ноос төслийн байгууламжуудын бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Өнөөдөр /2023.04.20/ аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан тэргүүтэй албаны хүмүүс төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, төслийн явцтай танилцлаа. Одоогоор төслийн нийт ажлын явц 90 хувьтай байна. Энэ оны 12-р сар гэхэд зүгшрүүлэлт туршилтын ажил хийгдэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм байна.
 
Өмнөх гүйцэтгэгч компани тоног төхөөрөмжөө 82 хувийн гүйцэтгэлтэй нийлүүлсэн байсан. Үлдэгдэл тоног төхөөрөмж, технологийн шугамуудыг “Байгууламж” ХХК татан авч ирэн ажлаа үргэлжлүүлж байна.
Монгол улсад хэрэгжиж буй төв цэвэрлэх байгууламжийн төслүүдийн хувьд метатинк буюу бохир лагаас гарч буй хийг хуримтлуулж аваад буцаад дулаан болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой технологийн шийдлийг ашиглаж байгаа жишээ байхгүй.
Дэлхийн хөгжилтэй улс орнуудад хэрэгжээд олон жил болж байгаа технологийн шийдлийг ашиглахын тулд мэргэжилтэй боловсон хүчний асуудал тулгардаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар захиалагч, гүйцэтгэгч, төслийн нэгжийн төлөөллүүд ярилцан юм.
 
Дархан хотын Төв цэвэрлэх байгууламж нь 1965 онд баригдсан. Механик цэвэрлэгээний процесстой явж байгаад 1998 онд анх биологи цэвэрлэгээ буюу 2 шат дамжлагатайгаар бохир усыг цэвэршүүлэн ажиллаж эхэлсэн. Оросын холбооны улсын хуучирсан тоног төхөөрөмжүүдийг ашигладаг. Хоногт 50 мянган м3 усыг цэвэршүүлэх хүчин чадалтай ажиллаж байсан боловч Дархан-Уул аймагт томоохон ус хэрэглэгч ААНБ-д татан буугдсантай холбоотойгоор хоногт 6-8 мянган м3 ус татан зайлуулж цэвэршүүлж эхэлсэн. Энэ процесс маш удаан явагдсанаар үргүй зардлууд нэмэгдэж, Ус сувгийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Мөн Оросын тоног төхөөрөмжүүдийн сэлбэг, материалууд олдохоо больсон. Энэ нь төсөл хэрэгжүүлэх гол шалтгаан нөхцөл болжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.