УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулахдаа “Байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Хуулийн дагуу сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах ба УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж заасан.
УИХ-ын сонгуулийг 2024 оны зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн. Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгав. Үүнд:
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
- Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
- Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
- Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
- Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
- Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
- Баянгол дүүрэг 9-р тойрог;
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
- Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
- Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
- Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон" хэмээв.
Байнгын хорооны танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, ажлын хэсгээс асуулт асуулаа. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Баян-Өлгий аймгийг үндэсний цөөнх гэж нэг тойрог болгох нь хүний эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болно. Баруун бүс гэж байдаг болохоос биш Баян-Өлгий гэж бүс байхгүй. Баруун бүсээс Баян-Өлгийг гаргаж байгаа бол үүнийг ялгаварлан гадуурхалт гэж харж байна. Мөн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой энэ шийдвэр зөрчилдөж байна. Ажлын хэсгээс асууж байна?
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд: Олон янзаар тооцоо судалгаа хийсэн. Хоёр талтай юм билээ. Баян-Өлгий аймаг гурван мандаттай. Тус аймгийн иргэд төлөөлөлтэй байх шаардлагатай юм. Сонгуулийн тойргийн хувьд цөөнхөө хүндэтгэж, олонхын шийдвэрийг гаргадаг зарчмыг баримталсан. Гадуурхсан зүйл байхгүй, аймгийн ирээдүйн хөгжлийг бодолцсон. Тойргийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд дангаараа суугаад тогтоолын төсөл бичээгүй.
УИХ-ын гишүүн Б.Бэйсэн: Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг дэмжиж байгаа. Бүсчилж хөгжүүлэх асуудлыг дэмжиж байна. Үндэсний цөөнхийг хүндэлж байгаа Монгол төрдөө баярлаж байна. Гэхдээ Үндсэн хуультай харшилж байгааг яаж шийдэх вэ?
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд: Хамгийн доод түвшиндээ энэ аймгийн төлөөлөл байх хамгийн баталгаатай хувилбар юу вэ гэж ярьсан. Бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлж, нэг бүсээр гэдгийг тогтоолд зориуд зааж өгсөн.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20