Гадны хөрөнгө оруулагчдыг Ч.ХҮРЭЛБААТАР урин залж бусад нь УЛДАН ЭСЭРГҮҮЦЭВ
З.Батхуяг
Үйл явдал
/
2024-01-07

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.01.05) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, уг хуулийн төслийг боловсуулсан Үндсэн хуулийн болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад хууль, эрх зүйн үндэслэлийг дурдаад, гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн тулгамдсан асуудлын талаарх Засгийн газрын судалгааг танилцуулсан юм. Манай улсад 1990 оноос 2023 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд гадаадын нийт 41,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 73 хувь нь уул уурхайн олборлох салбарт, 11 хувь нь худалдаа үйлчилгээний, 16 хувь нь бусад салбарт оржээ. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй зөвхөн нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч, бусад салбарт орж ажиллах боломж нөхцөл хязгаарлагдмал байгааг

 харуулж байна хэмээн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдав.

Хуулийн төслийг иргэд, олон нийт, хөрөнгө оруулагчдын дунд нээлттэй хэлэлцүүлж, олон улсын байгууллага, гадаад улсын Элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, төрийн байгууллага, гадаад, дотоодын 120 гаруй байгууллагын 250 орчим төлөөллөөс нийтдээ 700 орчим саналыг хүлээж авчээ.

Хуулийн төсөлд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаарддаг 100 000 ам.доллар, зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтыг байхгүй болгож, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж ажиллуулах, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хууль бусаар дайчлан хураахгүй байх баталгааг төрөөс олгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Мөн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог тогтоох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөрөнгө оруулагчдад төрөөс нөхөн төлбөр олгох бол хохирлыг тухайн шийдвэрийг гаргаж хохироосон албан тушаалтнаар буцаан төлүүлэх, төрийн үйлчилгээг хялбаршуулж, нэг цонхны зарчмаар үзүүлэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг зөвхөн Татварын хуулиар зохицуулах, шаардлага хангасан аж ахуйн нэгжийн хүсэлтэд үндэслэн татварын тогтворжуулалтын гэрчилгээг цахимаар шийдвэрлэдэг байх зэрэг зарчмын асуудлуудыг тусгажээ.

 
Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны долдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын
Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам гадаадын хөрөнгө оруулагчдад олгох татварын болон татварын бус урамшуулал, газар ашиглах эрх, түүний хугацаа, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон үйлдлийг хянан шалгах ажиллагааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, хөрөнгө оруулалттай холбоотой хэрэг, маргааны дагнасан шүүх байгуулах боломжийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг нар хөрөнгө оруулагчдын бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулах, ноу хау бүхий гадаадын боловсон хүчинд хөнгөлөлт үзүүлэх, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцод хуулийн төсөл нийцсэн эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг хэрхэн тодорхойлсон, хууль батлагдсанаар хэрхэн сайжрах талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хөрөнгө оруулалтыг эдийн засагт үзүүлэх ач холбогдол, зах зээлд ойр байдлаар нь эрэмбэлэх, эсэх, мөн хөрөнгө оруулалт татахад сөргөөр нөлөөлдөг ханшийн эрсдэлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хөрөнгө оруулагчийн өмчийг хамгаалах, гомдол маргааныг шийдвэрлэх, шүүх болон данс битүүмжлэх эрх бүхий төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хууль батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчны эрэмбэ хэрхэн дээшилнэ гэж үзэж байгаа талаар тус тус асуулт асууж хариулт авчээ. Түүнчлэн, хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүрэг хариуцлагатай нийцүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад газар ашиглуулах асуудлыг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Монгол Улсын газар зүйн байршлын онцлог нь татварын хувь хэмжээнд сөргөөр нөлөөлдөг асуудлыг сайтар судалж хуулийн төсөлд тусгах, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг гадаад улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчдыг хөрөнгө оруулалт татах чиглэлээр үүрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хөрөнгө оруулалтыг эдийн засагт үзүүлэх ач холбогдол, зах зээлийн боломжоор, уул уурхайгаас бусад салбарт чиглэсэн байдлаар эрэмбэлэх, ханш тогтворжуулах арга хэмжээгээ тодорхойлж, гадаадын хөрөнгө оруулалтыг тэлэх замаар эдийн засгийг дэмжих нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавьсан 50 000 ам.долларын босгыг байхгүй болгосныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзэж байна гэлээ. Тэрбээр, хэн нэг нь хямдхан байшин худалдаж аваад Монголд байнга оршин суух эрхтэй болж болохгүй, хоёр том гүрний дунд оршин тогтнож буй Монгол Улс үндэсний дархлаагаа хэрхэвч алдах учиргүй гээд, ийм босгогүй нөхцөл тавьснаар хоёр хөршийн ядуучууд, дүрвэгчид орж ирнэ гэв. Түүнтэй ижил байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болорчулуун, Д.Сарангэрэл нар илэрхийлсэн. Үүнд Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин хаалттай байх нь хөгжлийг удаашруулна гээд, хөрөнгө оруулалтын босго бол зөвхөн том компаниудад үйлчилнэ, монголчуудын дийлэнх олонх нь өнөөдөр ядуу хэвээрээ байна, ард иргэдийнхээ амьдралыг бодож, тэдэнд бизнесээ хийх боломжийг олгох ёстой гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, аж үйлдвэржилтийн болон худалдааны бодлогоо тодорхой болгож, салбар тус бүрт хөрөнгө оруулалтын хамгаалалтын болон либералчла бодлогын алийг баримтлахаа шийдээд явах нь зөв гэсэн байр суурь илэрхийлэв. Тэрбээр, хөрөнгө оруулалтын бодлого бүхэлдээ уян хатан байж, тухайлбал, геополитикийн хүндрэл бэрхшээл тохиолдлоо гэхэд уян хатан маневрладаг байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, хөрөнгө оруулалтын гэрээ, түүний эрх зүйн чадамж, ач холбогдлыг дээшлүүлэхэд анхаарахыг зөвлөлөө. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар гадаадын хөрөнгө оруулагчдын илэрхийлээд байгаа сонирхол хэр байгаа, манай улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин цаашид хэр тогтвортой байх, эксдортыг дэмжихэд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх талаар хуулийн төсөлд ямар зохицуулалт орж байгааг асууж, дижитал бизнесийн чөлөөт бүс байгуулах, Монголын хамгийн том аж ахуйнууд Төрийн өмчийн компаниуд байгаа тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх асуудлыг хөндөн, Дэлхийн худалдааны байгууллагын бодлогын талаар санууллаа. Хаана хөрөнгө оруулалтын таатай нөхцөл байна, тийшээ хөрөнгө урсаж, тэнд хөгжил явагдана хэмээн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өгүүлээд, худалдааны асуудлыг олон янзын хууль дотор 1100 гаруй заалт, үг үсэг зохицуулж байгааг цэгцлэх шаардлагатай гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улс уул уурхайн нөөц баялаг ихтэй, хөгжиж байгаа зах зээл гэдгээрээ олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг боловч дотоодын улс төржсөн, үндсэрхэг үзэлд тулгуурласан саад бэрхшээл их байна гээд, эдийн засгийг төрөлжүүлж, хөрөнгө оруулалтыг бүсчлэн, тодорхой салбараар дэмжих нь зүйтэй гэсэн юм. Олон нийтэд хөрөнгө оруулалтын талаар тодорхой, цэгцтэй мэдээлэл өгч, тэдний эрх ашгийг хамгаалах шаардлагатайг тэрбээр онцлоод, уул уурхайн бус салбаруудад хөрөнгө оруулалтыг дэмжих ямар зохицуулалт хуулийн төсөлд тусаж байгааг асуув. Шадар сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар санал нэг байгаагаа илэрхийлээд, хөрөнгө оруулагчдыг улс орноор нь ялгах боломжгүй, эрсдэлээ тооцоод хөрөнгө оруулалт хийх нь хаанахын хэнд ч нээлттэй байх ёстой гэсэн юм. Олон нийтийг соён гэгээрүүлэх талаар зөвхөн төр засаг гэлтгүй хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид ил тод ярих ёстой талаар тэрбээр хэллээ. Эдийн засаг хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар хуулийн төсөлд тусгагдсан Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн чиг үүрэг Захиргааны ерөнхий хуультай зөрчилдөхгүй талаар тайлбар өгч, хөрөнгө оруулалтын баталгаатай холбоотой олон улсын шаардлагад нийцүүлсэн заалтуудыг хуулийн төсөлд тусгасан гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, хууль батлагдсанаар ямар эрсдэл үүсэж болох талаар асууж, хөрөнгө оруулалтын эрх зүйн тогтворгүй байдлыг эцэс болгох шаардлагтайг хөндөж ярив. Мөн холбогдох бусад хуулиуд, тухайлбал Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг хуультай хэрхэн нийцэж байгааг болон салбар хоорондын уялдааг хэрхэн зохицуулж байгаа талаар асууж хариулт авсан юм. Тэрбээр, хөрөнгө оруулалтыг хориглох салбарын талаар ямар нэгэн зүйл заалт төсөлд тусаагүй байгааг онцолж, гадаадын банк ороод ирлээ гэхэд ямар ч нөхцөл шаардлага тавигдахааргүй байгаа талаар болон хувьцаа, хөрөнгө, саналын эрхийн 25 буюу түүнээс хувийг худалдан авснаараа хөрөнгө оруулагч болно санхүүгийн нээлттэй зах зээлээс хувьцаа, бонд болон бусад санхүүгийн өгөөжийг хүртэж байх юм бол тодорхой хугацаанд хөрөнгө оруулагч болно, оюуны өмчийн эрхийг холбогдох хуульд заасны дагуу эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө оруулалт хийх боломжтойхөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан гаргах эрх нь хөрөнгө оруулагчид байна гэсэн заалтуудын талаар тайлбар авав.

Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хэрэгжих боломж бүрдэнэ гэсэн хариултыг Эдийн засаг хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар өгч, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нарт ялгаатай байдлаар ханддаг зохицуулалтуудыг багасгасан болон хориглож, хязгаарлах нөхцөл, шаардлагуудыг салбарын хуулиудаар зохицуулсан тул энэ хуульд нэмж оруулах шаардлагагүй гэж Засгийн газар үзсэн талаар ярив. Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд, одоо хүчин төгөлдөр байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд газрын гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшүүлэх болон ашиглуулах боломжтой байгааг шинэчилсэн найруулгын төсөлд эзэмшүүлэхийг нь хасаж, зөвхөн ашиглуулахаар тусгасан гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хуулийн төсөлд засах юм багагүй байгааг анхааруулж, гадаадын хөрөнгө оруулагчдад газар эзэмшүүлэхийг хорино гэсэн үг, өгүүлбэр төсөлд байхгүй байна гэв. Тэрбээр, Монгол Улс хаалттай улс биш гэдгийг онцлоод, бид цаашдаа гадаадын хөрөнгө оруулалтыг хийхдээ Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, үр ашигтай хийх ёстой гэсэн байх сууриа Оюутолгой төслөөр жишээлэн ярив. Гадаадын хөрөнгө оруулалт дайжсаны шалтгааныг тэрбээр хуулийн төсөл санаачлагчдаас асууж, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байгааг тодруулав. Шадар сайд Ч.Хүрэлбаатар, хөрөнгө оруулагчид дайжсаны гол шалтгаан нь тэднийг луйварддаг, хөрөнгийг нь булаадаг явдал хэмээн танилцуулаад, тэдний гомдлыг шийддэг, энэ нь ил тод, нээлттэй явагддаг, маргаан таслах зөвлөлөөр хэлэлцдэг байхаар хуулийн төсөлд тусгаад байгааг ярьсан юм. Арилжааны банкнуудын хувьцааг олон нийтэд гаргах тухай асуудлаарх хуулийн хэрэгжилтийг үргэлжлүүлэх талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг дээр ярилцаж шийдвэрлэх шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгааг тэрбээр хэлэхэд Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийг бүлгээр ярьж байж оруулж ирдэг дэг байхгүйг Б.Баттөмөр гишүүн сануулав.

Махны экспортын нөхцөл байдлын талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж ярьж, гадаад худалдааны асуудалд тээг болж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг цаг болсныг дурдав. Өнөөдрийн байдлаар, Монгол Улс, ОХУ хоорондын худалдааны 97 хувь нь ОХУ-ын экспорт, 3.0 хувь нь манай экспорт байгааг Шадар сайд Ч.Хүрэлбаатар танилцуулаад, худалдааны энэ тэнцвэргүй байдлыг засах нь зүйтэй гэсэн асуудлыг ОХУ-ын талд тавьснаар ажлууд эрчимтэй явагдаж байна гэлээ. БНХАУ-тай бас энэ төрлийн гэрээ, хэлцлүүдийг хийх ёстой гэж тэрбээр дурдаад, БНСУ, Япон Улстай явуулж байгаа яриа, хэлцлүүдийн талаар товч танилцуулав.

Засгийн газар удаан ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шүүмжлээд, хөрөнгө оруулалтын босгыг байхгүй болгож байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд зогсонги болсон, бензин шатахууны үнэ нэмэгдсэн, шүүх байгууллагуудын үйл ажиллагаа удаашралтай, шударга бус байгаа, иргэд ядуурч, өвчилж байгааг дурдаад, ОХУ, БНХАУ-аас гадаадын хөрөнгө оруулалтууд дайжиж байгаа хэр нь Монгол Улсад орж ирж байгаа нь алга гээд, энэ талаар эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг Засгийн газарт сануулав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшинэдийн засгийнхаа тусгаар тогтнолд санаа зовж байгаа бол жинхэнэ утгаар нь нээлттэй болгох хэрэгтэй гээд, гадаадын хөрөнгө оруулагчид манай улсын эрсдэлтэй байдлаар шалтаглан манай компаниудаас илүү өндөр хувь авч манай аж ахуйн нэгжүүдийг хохироодгийг ярьж, энэ нь поп улс төрчид, үндсэрхэг үзэлтнүүдээс болдгийг тайлбарласан юм. Үүнийг Хөрөнгө оруулалтын хуулиар нэг тийш болгох ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр хэлээд, дахин дахин авдаг олон удаагийн зөвшөөрлүүд, тэр бүрд нэхдэг анхдагч бичиг баримтууд, төрийн үйлчилгээний хүнд суртал, аж ахуйн нэгжүүдэд учруулж байгаа хүндрэлүүдийг цэгцлэх шаардлагатай гэв.

Бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдал, хөрөнгө оруулагчийг хамгаалах талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням мөн хөндөж, Канад, Австрали зэрэг том эдийн засагтай улс орнууд хүртэл хөрөнгө оруулалтын хойноос үхэн хатан гүйцгээж байна, учир нь гадаадын хөрөнгө оруулалт ажлын байрыг хямд эх үүсвэрээр бий болгодог, эрсдэлийг хуваадаг, бууруулдаг гээд, эдийн засагтаа 4-5 баганатай болж байж бид хүссэн гэрээгээ хийж чадна, түүнээс наана ийм боломж алга байна гэсэн юм. Мөн тэрбээр, гадаад ажиллах хүчний төлбөр хураамжийг чөлөөлөх тухай зохицуулалт хуулийн төсөлд туссаныг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандагчир үндэсний үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчдыг хамгаалах асуудал хуулийн төсөлд хэрхэн туссаныг асууж, хариулт авав. Гадаадын том хөрөнгө оруулагч нартай үндэсний үйлдвэрлэгчид өрсөлдөх боломжгүй талаар тэрбээр дурдаад, бизнесийн түгшүүдийн харилцан итгэлцэл, ойлголцол, найдвартай байдлыг дээшлүүлэх чухал болохыг онцолсон юм. Хөрөнгө оруулагч нарын гомдлыг Засгийн газар улирал болгон авч хэлэлцдэг болсныг Шадар сайд Ч.Хүрэлбаатар дурдаж, анх найман гомдол ирж байсан бол одоо 69 болоод байгаа талаар танилцуулав. Иймд хөрөнгө оруулагдчын гомдлыг шийдвэрлэдэг механизмыг болох Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг хуулийн төсөлд оруулж, уг зөвлөл дээр гомдлыг хэлэлцээд, шийдэж чадахгүй болбол дараагийн шат руу буюу шүүх, арбитрт ханддаг байхаар заасан хэмээн Шадар сайд тайлбарлалаа. Монгол Улсад шүүхээр гомдлоо шийдвэрлүүлэх хугацаа дунджаар 3-4 жил байна хэмээн тэрбээр танилцуулж, 13 жил шүүхээр явсан тохиолдол гарсныг ярив.

Гадаадын хөрөнгө оруулалтад төрийн зохицуулалт залшгүй хэрэгтэй талаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар яриад, газрыг гадаадын хөрөнгө оруулагчдад 100 хүртэл жилээр ашиглуулах асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлсэн эсэх талаар асууж, хариулт авав. Мөн тэрбээр, аль ч улс орны эдийн засгийн бодлого нь гадаадын хөрөнгө оруулалтаас шууд хамаарах биш, үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанаас хамаардаг байх бодлого байдгийг дурдаад, хуулийн төсөлд тусгагдсан хөрөнгө оруулалтын татварын болон татварын бус урамшууллын талаарх заалтууд үндэсний бизнесүүдийн тэгш, шударга өрсөлдөх боломжийг хязгаарлахаар байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Газрыг 100 хүртэл жилээр ашиглуулах тухай заалт энэ хуульд 1993 онд орсныг шинэчилсэн найруулгын төсөлд хэвээр үлээсэн гэж Шадар сайд Ч.Хүрэлбаатар хариулж, хөрөнгө оруулагчдад олгох урамшууллууд чөлөөт өрсөлдөөн болон гадаад, дотоодын ажиллах хүчний харьцааны асуудлуудад харин ч эерэг нөлөөтэй дурдсан юм. Тэрбээр, эдгээр зохицуулалтыг бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь саналд тулгуурлан тусгасан хэмээлээ.

Ямар салбарт тэргүүн ээлжинд хөрөнгө оруулалт татах, ямар салбарт хязгаарлах вэ гэдгээ тодорхой болгож шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал илэрхийлсэн юм. Үндэсний эрх ашиг гэдэг асуудлаас болж төслүүд үр ашиггүй болж байгаа нь эргээд хөрөнгө оруулалтуудад эргэлзэх эргэлзээ, болгоомжлолыг үүсгэж байна хэмээн тэрбээр дүгнээд, аливаа төсөл, хөрөнгө оруулалтууд бодитой хэрэгждэг, үр өгөөж өгдөг, эдийн засгийг тэлдэг байх ёстой, үүнтэй нь уялдуулж тогтворжуулалтын гэрчилгээ өгдөг байх ёстой гэлээ. Өөрөөр хэлбэл, урамшуулах, дэмжих механизмуудыг хавтгайруулах ёсгүй, үр өгөөжгүй, цаг хугацаа алдуулсан хөрөнгө оруулалтын төслүүдэд өгөх шаардлагагүй гэж үзэж байгаагаа тэрбээр хэлсэн юм. Мөн төрийн бодлого нэгдмэл цогц байх ёстойг онцлоод, бүсчилсэн хөгжлийн бодлоготой хөрөнгө оруулалтын бодлого уялдах нь зүйтэй гэсэн юм. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн яам тодорхой ажлуудыг хийгээд байгаа талаар Шадар сайд Ч.Хүрэлбаатар хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, хуулийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг онцлоод, хөрш улсууд төдийгүй дэлхий нийтэд цар тахал, дайн, үнийн өсөлт зэрэг сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр манай улсад орж ирэх хөрөнгө оруулалтын гурван урсгалын хоёр нь хаалттай байгааг сануулж, бодит байдлыг харж, боломж бололцоогоо зөв тооцох шаардлагатайг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, гэмт хэргийн эрсдэлд өртөхөөс хамгаалсан орчинг бүрдүүлэх нь чухал болохыг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен гадаадын хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх талаар тодорхой болгох, холбогдох заалтууд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эсэх, энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвшилцсөн эсэхийг тодруулж, газрын тос, мал аж ахуйн түүхий эд боловсруулах болон эмнэлэг, эрүүл мэнд, хүнс үйлдвэрлэх, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг талаар тухайн салбарын яамд, сайд нараас ямар санал өгсөн тухай асууж, хариулт авлаа.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудын дипломатчдын ажлыг тухайн сууж буй улсаасаа хэр хэмжээний хөрөнгө оруулалт татсанаар үнэлж дүгнэдэг байх тухай санал дэвшүүлж, хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарах, үүний тулд хуулийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлдэх шаардлагатай гэлээ. Уул уурхайгаас бусад салбарт бодит хөрөнгө оруулалт бараг байхгүй, уул уурхайн компаниудын ихэнх нь төрийн өмчийнх тул төр өөрөө дүрмээ тогтоогоод, бизнесээ хийгээд явж байгаа өнөөдрийн нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагч орж ирнэ гэдэг ихээхэн эргэлзээтэй хэмээн тэрбээр өгүүлээд, дүрэм тогтоогч нь өөрөө өрсөлдөөнд оролцохгүй байх нь хөрөнгө оруулалтын оринд ихээхэн чухал гэдгийг онцлон хэлэв.

Хуралдаан даргалагч тухайн асуудлаар санал хураалт явуулах цагийг тухай бүрд нь урьдчилан зарлаж болно гэсэн хуулийн зохицуулалтыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сануулаад, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бол улс орны эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой тул нухацтай хандаж, хэлэлцүүлгийн шатанд сайжруулах, давхардал хийдлийг арилгах шаардлагатай гэлээ. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүд өөрсдөө санал зөрөлдөж, улмаар унагах, гацаах явдал гарах болсон нь асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байгааг Улсын Их Хурлын дарга анхааруулаад, хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг хойшлуулав. Төслийг иргэд, олон нийт болон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдаар хэлэлцүүлж, тал бүрийн саналыг тусгаж ажиллахыг холбогдох байнгын хороонд үүрэг болголоо.

Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар батлагдсан хууль тогтоомжийн эцсийн найруулгыг уншиж сонсголоо. Гэрийн тэжээвэр амьтны тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайЗөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухайСтатистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухайУлсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухайЗөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухайТатварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухайХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайГэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухайЗөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонссоноор Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.18.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.