Улаанбаатар хотын нийтийн байруудад 8046 зөрчил илэрчээ
Үйл явдал
/
2024-01-09

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-20-ны хооронд хяналт шалгалт явуулжээ. Уг шалгалтын дүнг өнөөдөр Ажлын хэсгийн хурлаар танилцуулав. НИТХ-аас 2019 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмыг баталсан боловч зохих түвшинд хэрэгжээгүй, хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа юм. Иймд тус ажлын хүрээнд нийтийн байрны барилга байгууламжийн стандарт, эрүүл ахуйн халдвар хамгаалал, төлөв байдал, байгаль орчны хяналт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах, галын аюулгүй байдлын стандарт болон харьяа дүүрэгтээ бүртгүүлж, гэрээ байгуулсан эсэхийг шалгасан байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 768 байр байдгаас 749 нь хувь хүнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу нийтийн 204 байр байгаа бол Багануур дүүрэгт хамгийн бага буюу нийтийн хоёр байр бүртгэлтэй аж.

Хяналт шалгалтаар нийтийн байрны үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчин сул, төрийн захиргааны байгууллагад бүртгэлгүй, төрийн зохицуулалт, хараа хяналтаас орхигдсон тул байр, үйлчилгээнд тавигдах стандарт шаардлага байхгүй, нэг хүний амьдрах орчны стандарт зөрчигдсөн, байгууламж шатах эрсдэлтэй болон орчны аюулгүй байдал алдагдсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Энэ хүрээнд нийт 8046 зөрчил илрүүлж, 1031 мэдэгдэл, 964 зөвлөмж, 124 шаардлага  хүргүүлэн, 14 иргэнийг торгосон байна. Мөн нийт илэрсэн зөрчлөөс 306 буюу 3.8 хувийг газар дээр нь арилгуулж ажиллажээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.66.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.