УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ, ЗГ-ын гишүүдийн хамт орон нутагт ажиллаж байн
Үйл явдал
/
2024-01-15

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайхан нар өнөөдөр (2024.01.14) Төв аймгийн Баяндэлгэр суманд ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар малчид, иргэдтэй уулзлаа. Энэ хүрээнд Төв аймгийн Баяндэлгэр сумын хоёрдугаар багийн малчин П.Эрдэнбатынхаар зочилж, малын тоо толгойн хорогдолт, бэлчээрийн даац хэтрэлт, малчдад чиглэсэн нийгмийн үйлчилгээний хүртээмж, хадлан тэжээлийн нөөцийн талаар ярилцаж, мэдээлэл солилцсон юм. Баяндэлгэр сумын хувьд нутгийн зарим хэсгийн атаршсан талбайг тариалангийн талбай болгож эргэлтэд оруулан, хүн амын хэрэгцээний хүнсний ногоог тариалдаг хэмээн орон нутгийн удирдлагууд хэлж байв. Түүнчлэн бэлчээрийн хомсдол тулгамдаж, өвөлжөө, хаваржааны газрын асуудал хүндэрсэн гэдгийг малчдын зүгээс уламжилсан юм.

Одоогийн байдлаар Хэрлэнбаян-Улаан отрын бүсэд гэхэд 33 айл өрх өвөлжиж байгаа бөгөөд тус сумын нийт малчдын 41 хувь нь залуу малчид байдаг гэлээ. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, малчдад нэн шаардлагатай малын тэжээл, бордоог хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, малчдаас жишиг үнээр малын махыг худалдан авах, мөн айл өрхүүдэд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх гэхчилэн Улсын онцгой комиссоос нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг онцолж, бодит үр дүнгийн талаар санал солилцов. Төв аймгийн хэмжээнд өвөл-хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 60 гаруй хувьд хэтэрсэн байгааг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Түүнчлэн Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Баянжаргалан, Угтаал, Бүрэн, Алтанбулаг, Лүн суманд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл үүсчээ. Өнгөрсөн оны жилийн эцсийн тоон мэдээгээр нийт 4,933,306 мал тоологдож, одоогоор 13,239 мал зүй бусаар хорогдоод байгаа аж. 

Тус аймгийн хувьд хамгийн олон эрчимжсэн мал аж ахуйтай бөгөөд нийт 10 гаруй цэгт нэгдсэн байдлаар мах бэлтгэн нийлүүлж байна. Иймд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, мах бэлтгэх нэгдсэн тогтолцоог дэмжиж, чанар, стандартыг хэвшүүлэхээс гадна мал төллөлт дөхсөн энэ үед малын эрүүл мэндийг хамгаалж, мах, малын гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хэрэгтэйг тодотгосон юм. Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд М.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нарын хамт Багануур дүүргийн 4-р хорооны нутагт өвөлжиж буй малчин өрхүүдтэй уулзлаа. 

Энэ үеэр УИХ-ын дарга, малчдын аж амьдрал, малын ашиг шимийг сайжруулж, бэлчээрийн доройтлыг бууруулан, салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр дамжуулан тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлж, цуврал хэлэлцүүлгүүдийг явуулах тул идэвхтэй оролцож, санал сэтгэгдлээ илэрхийлэхийг хүсэв. Тэрбээр, малчин өрхүүд үе дамжин нутаглаж ирсэн нутаг усаараа нэгдэн, хөдөлмөрөөрөө хорших замаар зах зээлд мал аж ахуйн болон бусад үйлчилгээг тогтвортой нийлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх, нийтлэг эрх ашгаа хамгаалах,  нийгмийн асуудлаа шийдвэрлэх боломжийг төрөөс олгох шаардлагатай гэж үзэж буйгаа тэмдэглэсэн юм. Үүнийг дагаад бэлчээрийн менежмент хийх, түүхий эд бэлтгэлийн нэгдмэл тогтолцоо бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж, малаа эрүүлжүүлснээр экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэдэгт малчдын төлөөлөл ч санал нэгтэй байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.163.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.