Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2024.02.26/-ны өдөр боллоо. Шуурхайн эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаварын биелэлтээ танилцууллаа. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
Солонго-1,2 орон сууцны хорооллын төслийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төслийн талбайд Төрийн Орон сууцны корпорац, гүйцэтгэгч байгууллагуудтай уулзалт хийж, бэлтгэл ажлыг хангуулж, угсралтын ажлыг үргэлжлүүлэх талаар холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Мөн төслийн талбайд орц гарцыг шийдвэрлэхэд түр замын трассын санал боловсруулан, холбогдох газруудтай (БХБЯ, ИНЕГ, УБ Нисэх буудлын захиргаа, НХБХГ, НГЗБА, Хан-Уул дүүргийн ЗДТГ, зэвсэгт хүчний 303-р анги, төслийн гүйцэтгэгч, ТОСК)-ийг оролцуулсан өргөтгөсөн уулзалтыг зохион байгуулж, зөвшилцөлд хүрэв.
Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийг 2025 оны 5 дугаар сард ашиглалтад оруулах үед Туул коллектор-1-ын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ.
Барилга, хот байгуулалтын сайд, Соёлын сайд нарын хамтарсан тушаалаар Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох шалгуур үзүүлэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, "Соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох, шалгуур үзүүлэлт тогтоох журам"-ын төслийг боловсруулж байна.
Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.
“Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулж, салбарын байгууллагуудын ажлын хариуцлага, сахилга батыг өндөржүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, осол үүсэх нөхцөлд хохирол багатай даван гарах, богино хугацаанд хэвийн ажиллагаанд оруулах, өвөлжилтийн явцад гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудад үүрэг болголоо.
Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах ажлыг зохион байгуулав.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэл хотын дундын эзэмшлийн цэвэр усны дамжуулах, бохир усны цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл арга хэмжээний хүрээнд хэрэгжиж буй Төв аймгийн Баянчандмань сумын Инженерийн дэд бүтцийн хангамжийг барьж байгуулах ажлын гүйцэтгэл, Франц Улсын хөнгөлөлттэй зээлээр хийгдсэн Эрдэнэт хотын 24000 м3/хон хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл, үр дүн, Бүгд Найрамдах Австри Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл"-ийн барилга угсралтын ажлын явц, гүйцэтгэл,Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төсөл"-ийн 24000 м3/хон хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын явц, .
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн яаралтай шийдвэрлэх асуудлууд, ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:
Солонго-1,2 төслийн ажлыг эрчимжүүлж, газар давхцуулан орц гарц хааж барилга барьж байгаа асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах;
Барилгын материалын гол нэр төрөл болох цемент болон арматурын нийлүүлэлтийн 2024 оны төлөв байдлыг танилцуулах;
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл болон орон нутагтай хамтарч ажиллах;
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж”, Залуус 1,2 хорооллын инженерийн шугам сүлжээ төсөл арга хэмжээний талаар танилцуулах;
Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг яаралтай шийдвэрлэж эцэслэх;
Норм, нормативын сангийн үйл ажиллагааны 2024 оны төлөвлөгөөг шинжлэх ухаан, техник технологийн зөвлөл болон сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах;
Түүхийн дурсгалт барилга, байгууламжийг сүүлийн үед нурааж буйтай холбогдуулан хуулийн зохицуулалтыг яаралтай танилцуулах;
Барилгын тухай хуулийн зөвлөх багийн бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг танилцуулах.