Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн анхны уулзалт боллоо
Үйл явдал
/
2024-03-01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Таван шар, Толгойт орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид болон иргэдтэй уулзлаа.

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийг тус дүүргээс эхлүүлсэн юм.

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгд ордог. Гэвч газар нутгийн 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод хүн амын тал хувь нь амьдарч, тэр дундаа хотын төвдөө бүхий л төрийн байгууллага, их, дээд сургуулиуд нь төвлөрсөн нь түгжрэлийн бас нэгэн шалтгаан болж буй.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь буюу 1.7 сая иргэн амьдарч байна. Үүнийг дагаад түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, төлөвлөлтийн алдаа гээд олон асуудал урган гарсан. Эдгээр асуудлыг бодлогын баримт бичгүүдэд тусган, шийдэхийн тулд Засгийн газар, нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсанаар тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдсэн. Улаанбаатар хотод 437 мянган өрх байгаагаас 51 хувь нь орон сууцанд, үлдсэн нь гэр хороололд амьдарч байна. Иймээс төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хүрээнд зургаан дэд төвийг байгуулахаар ажиллаж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 36, агаарын бохирдол 22 хувиар буурах тооцоо гарсан. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг энэ жил эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн дээрх хуулийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөсөн. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн 2500 орчим айлын газрыг чөлөөлж, 18 мянган айлын орон сууц барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Түүнчлэн Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл 17.7 км метроны ажил эхэлнэ. Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих Дүүжин тээврийн төслийн ажил гуравдугаар сард эхэлж, ирэх жилийн хоёрдугаар улирал гэхэд эхний шугам ашиглалтад орно. Мөн тойрог хурдны замыг хоёр хувилбараар төлөвлөж байгаа. Эдгээр ажлыг ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. БНХАУ-ын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд зургаан нүхэн байгууламж байгуулахаар төлөвлөснөөс гурав нь энэ онд ашиглалтад орно.

Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүрэг рүү шилжүүлсэн нь үр дүнтэй байна. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг гуравдугаар сарын 1-нээс дүүрэг рүү шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Цаашид дүүргийн зарим чиг үүргийг хороод руу шилжүүлэхээр төлөвлөсөн хэмээлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.144.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.