Голомт банк, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “WOMEN OWNED” тохирлын тэмдгийг 2023 онд албан ёсоор танилцуулсан билээ.
Тохирлын тэмдгийг үйл ажиллагаандаа ашиглах бизнес эрхлэгчдийн хүсэлтийг тасралтгүй хүлээн авч буй бөгөөд энэ хугацаанд ирүүлсэн нийт хүсэлтүүдээс шалгуур үзүүлэлтийг хангасан дараагийн 17 аж ахуйн нэгжид тэмдгийн гэрчилгээ олгох ёслолын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд Голомт банк болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын холбогдох албаны хүмүүсээс гадна шалгарсан байгууллагын эмэгтэй удирдлагууд уригдан оролцсон бөгөөд “WOMEN OWNED” тохирлын тэмдгийг ашиглах эрхтэй анхны байгууллагууд болох “Мана”, “Бурамхан”, “SabaX”, “Shoe’s Love” брэндийн үүсгэн байгуулагч, удирдлагууд хүрэлцэн ирж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд өөрсдийн бизнесийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцсан юм.
Энэхүү тохирлын тэмдгийг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ашигласнаар бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг тодорхойлох, таних замаар борлуулалтаа нэмэгдүүлэх, тэмдэг эзэмшигчдийн зүгээс хэрэгжүүлж буй аливаа төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах, түүнчлэн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, бизнесийн хамтрал үүсэх шинэ үүд хаалга нээгдэж байна.
Ийнхүү “WOMEN OWNED”-д албан ёсоор нэгдсэн эмэгтэй бизнес эрхлэгчдийн эгнээ улам өргөжин тэлсээр буй. Голомт банкны зүгээс тохирлын тэмдгийг үйл ажиллагаандаа ашиглаж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжихийг зорьж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхэд үргэлж нээлттэй ажиллах болно.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20