Б.Энхбаяр: Иргэдийг чирэгдүүлсэн ТУРШИЛТЫГ ЗОГСООЖ, тээврийн цагдаагийн даргад ХАРИУЦЛАГА ТООЦНО
Үйл явдал
/
2024-03-13

Өчигдөр /2024.03.12/ Тээврийн цагдаагийн албанаас зарим замын хөдөлгөөний зохион багуулалтыг түр хугацаагаар өөрчлөн зохицуулсан. Энэхүү туршилтаа нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилготой гэж тайлбарласан. Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг 3, урд чиглэлд зорчих эгнээг 1, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулсан.

Харин энэхүү шийдвэрээ иргэдийн ажил тарахаас цагийн өмнө буюу 17 цагийн үед цахим хуудсаараа дамжуулан тус алба танилцуулсан нь иргэдиийн шүүмжлэлийг дагуулаад байсан юм. Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны дарга Т.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гаргалаа.

Тэрбээр энэ тухайгаа, "Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийн бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов. “Туршилт”-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье" гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.93.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.