БХЯ: Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо
Үйл явдал
/
2024-03-18

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2024.03.18/-ны өдөр боллоо. Шуурхайн эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаварын биелэлтээ танилцууллаа. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:

✅ “Шинэ Хархорум”, “Шинэ Зуунмод” хотыг төлөвлөн байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний танилцуулгыг ЗГХЭГ-т хүргүүлэв.

✅ Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Японы зөвлөх баг болон холбогдох албаны хүмүүсээс санал авч хэлэлцүүллээ.

✅ Замын-Үүд хилийн боомт дахь Барилгын сорилт шинжилгээний лабораторийг ашиглалтад оруулан, ашиглагч байгууллагад хүлээлгэн өгч, үйл ажиллагааны талаар холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллав.

✅ Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн “Туул-1” цуглуулах шугам сүлжээ нь 30 км урттай байхаас 21,5 км сүлжээг бариад байна. Газрын асуудлаас шалтгаалж Туул-1 коллекторын 3,4-р хэсгийн шугам сүлжээний трасст өөрчлөлт оруулж, зураг төслийг дуусган, шугам хоолойн угсралтын ажлыг 2024 оны 4 дүгээр сараас эхлүүлэх гэж байна.

✅ “Шар усны үерээс урьдчилан сэргийлэх хүрээнд шуурхай мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулж, салбарын байгууллагуудын мэдээллийг нэгтгэн, гамшиг, осол үүсэх нөхцөлд богино хугацаанд хэвийн ажиллагаанд оруулж ажиллахыг Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудад үүрэг болголоо.

✅ Барилгын компаниуд иргэдээс урьдчилан захиалга авч гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад оруулалгүй хугацаа хэтрүүлэх, улмаар иргэдийг хохироож буй асуудлын хүрээнд иргэдэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болов.

✅ Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 201, 204, 207, 830 дугаар бүхий орон сууцны барилга гал түймэрт өртсөнтэй холбогдуулан БХБ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийж ажиллалаа.

✅ “Улаанбаатар хотын цэвэр усны баруун эх үүсвэрийн ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл" болон Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй “Авто худалдааны цогцолбор”-ын гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлын явцад газартай холбоотой хүндрэл гарсан тул 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, ажил явуулахад саадгүй болгов.

✅ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Президент спорт комплекс” цогцолбор барих төслийн Байгаль орчны үнэлгээг хийж дуусган, дулааны техникийн нөхцөл нэмж авах хүсэлт илгээж, төслийн нэгж байгуулах тооцоо судалгааг боловсруулаад байна.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн шуурхай хуралдаанд танилцуулагдсан мэдээллүүд, мөн зарим үүрэг даалгаварын биелэлт дутуу, хангалтгүй байгааг холбогдох газар нэгжийн удирдлагуудад анхааруулж, яаралтай шийдвэрлэх болон ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

🖊 Шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл болон орон нутагтай хамтарч хийж хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг танилцуулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарах;

🖊 Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр эмх замбараагүй, дур зоргоороо явж ирсэн барилгын үйл ажиллагааг цэгцэлж, ирэх дөрөвдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэх;

🖊 Түүхийн дурсгалт барилга, байгууламжийг нурааж буйтай холбогдуулан ямар барилгуудыг түүхийн дурсгалт барилга гэж тодорхойлж хамруулах зохицуулалтаа нарийвчилж, холбогдох баримт бичигт тусгуулах

🖊 Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн зураг төслийг нэг маягийн зураг төслөөр явуулж болох эсэхийг судлаж, дүгнэлт гарган яаралтай шийдвэрлэх;

🖊 Барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор чанарын болон аюулгүй ажиллагааны хяналт шалгалтаа дахин явуулах;

🖊 Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын эрх зүйн байдал, инженерийн дэд бүтэц, техник, эдийн засгийн үндэслэлийн талаар гаргасан гадны байгууллагуудын саналыг танилцуулах;

🖊 Замын-Үүд хилийн боомтод ашиглалтад оруулсан Барилгын сорилт шинжилгээний лабораторийн бүтэц орон тоо болон төсөв санхүүжилтийн загварыг яаралтай танилцуулж шийдвэрлэх;

🖊 Норм, нормативын сангийн үйл ажиллагааны 2024 оны төлөвлөгөөг шинжлэх ухаан, техник технологийн зөвлөл болон сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх;

🖊 Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг яаралтай эцэслэж, нийслэл хот төлөвлөлтгүй явж байгаа асуудлыг нэн даруй шийдвэрлэх;

🖊 Шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаварын биелэлтийг бүрэн хангаж, бүх газар, хэлтэс, нэгжүүд ажлаа эрчимжүүлэх.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.255.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.