УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний Зөвлөлд айлчиллаа
Үйл явдал
/
2024-04-19

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөлөөгчид Бүгд Найрамдах Австри Улс (БНАУ)-д ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын парламентын төлөөлөгчид БНАУ-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын парламентын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджичтэй уулзаж, хоёр талын яриа хэлэлцээ хийлээ.

Уулзалтын үеэр БНАУ-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджич өнгөрөгч онд Монгол Улсад хийсэн айлчлалаа үр дүнтэй болсныг тэмдэглээд, түүний урилгыг хүлээн авч, айлчилж буй Монголын парламентын төлөөлөгчдийг тавтай зочлохыг хүсэв.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан өнгөрсөн 60 жилийн хугацаанд бий болсон хоёр улсын найрсаг харилцаа, улс төрийн өндөр итгэлцлийг тасралтгүй, идэвхтэй үргэлжлүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байгаад Австри Улсын Үндэсний Зөвлөл, тус Зөвлөл дэх Австри-Монголын парламентын бүлэгт талархал илэрхийлэв. 

Тэрбээр үргэлжлүүлэн хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд улс орноо харилцан сурталчлах, иргэд хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хооронд урт хугацааны түншлэлийг бий болгох нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ. Цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэн хөгжүүлэхийн тулд иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарын харилцааг эрчимжүүлэх өргөн боломж бий. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулдаг бөгөөд харилцааг улам батжин бэхжүүлэхэд парламентын хоорондын тэр дундаа парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааны манлайлал чухал. Иймд хууль тогтоох байгууллага хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах боломжтойг дурдав.

Ноён Эва Эрнст-Жиеджич болон Австри Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүд уг саналыг талархалтайгаар хүлээн авч, хоёр орны ардчиллын үнэт зүйлсэд суурилсан харилцааг бататгах хоёр талт хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л чиглэлээр өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжиж ажиллахаа нотолсон юм.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн гишүүн Г.Амартүвшин, Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайд М.Цэнгэг болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.158.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.