Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарилгаар бүх нийтийн мод тарих өдрүүд эхлэж байна. Энэ жилийн бүх нийтийн мод тарих өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ОЙН ГАЗАР-тай хамтран Монгол Солонгосын хамтын "НАЙРАМДЛЫН ОЙ" төгөл буюу Дамбадаржаагийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. "Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр"-ийн нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Д.Ганбаатар, Ерөнхийлөгчийн Байгаль орчны зөвлөх Н.Батхүү, Тамгын газрын дэд дарга Г.Үйлстөгөлдөр, хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Ойн газрын дарга Б.Оюунсанаа тэргүүтэй албаныхан, ЕБС-ийн 58-р сургуулийн ахлах ангийн сурагчид, эцэг эхчүүд, иргэдийн төлөөлөл оролцож тус байгууламжийн бэлтгэсэн талбайд хамтдаа 3000 мод тарилаа.
Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохдоо
"Мод тарина гэдэг бол сайхан баярт үйл явдал. Хүн төрөлхтөнд олон бэрхшээл зовлон тулгарч байгаа. Тэр дундаа дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж байна. Бид үр хүүхэд, ирээдүйн эх дэлхийнхээ төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө санаа зовнихгүй бол маш том аюул заналхийлэл ирсэн гэдгийг эрдэмтэн судлаачид сануулж байна.. Ард түмэн "Амьдралын эх ус, усны эх мод" гэж ярьдаг. Хаана ус байна тэнд амьдрал байдаг. Хаана мод байна тэнд ус байдаг. Ус, мод хоёр хүйн холбоотой. Устай газар бороо орж байгаль дэлхий хүн малын зоо тэнийдгийг та нар сайн мэднэ дээ. Говьд бороо ордоггүй хангай газар бороо ордгийг та нар сайн мэднэ дээ. Хамгийн их мод ургасан газарт хамгийн их бороо орсон байдаг. Тийм учраас бид мод тарих хэрэгтэй.
Бид 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарина гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индер дээрээс хэлж байсныг мэдэж байгаа биз. Бид 10 жилийн хугацаанд тэрбум мод тариад дуусна гэсэн үг биш. Монголчууд бид зуун зуун жил тэрбум тэрбумаар нь мод тарих ёстой. Манай нийт нутаг дэвсгэрийн найм орчим хувь нь ой байдаг. Бид улсынхаа нутаг дэвсгэрийн 50 орчим хувийг ойжуулах ёстой. Мод тарьж, эх дэлхийгээ хайрлах ёстой юм байна гэдгийг ард түмнээрээ ухамсарлан ойлгож эхэлсэн. Модыг хоёр аргаар тарьдаг юм байна гэж харсан. Нэгдүгээрт, модыг хүний тархинд, дараа нь газрын хөрсөнд тарих ёстой юм байна. Хүмүүс тархиндаа мод тарьж сурч байна. Энэ сэтгэлгээний өөрчлөлт юм шүү. Бид хамтдаа хоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая суулгацтай болсон байна. Хүмүүс хувиараа мод үржүүлж, хортон шавьжийг устгаж, нэг тэрбум мод ургах нөхцөлийг бүрдүүлж чадсан. Та улс орныхоо сайн сайхны төлөө мод тарьж байна гэж бодох ёстой. Мод тарина гэдэг хүн төрөлхтнийг аварч байна гэсэн үг" гэдгийг онцолоо.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20