Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.05.15/ Төрийн ордны “Их засаг” танхимд 10 цаг 40 минутад 54,5 хувийн ирцтэй хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар хуралдааныг нээж, Байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирцийг танилцуулснаар хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхэд, уг хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх 16 чиглэлд мэдээллийн технологийн салбарыг хамааруулж, тус салбарыг экспортод чиглүүлэн хөгжүүлэх, гадаадын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх, мэдээллийн технологийн энтрепренёр, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, үндэсний тоон контентыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтуудыг дэвшүүлсэн.
Монгол Улс НҮБ-ын 2 жил тутмын “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2018 болон 2020 онд тус байгууллагын гишүүн 193 орноос 92 дугаар байранд орсон бол 2022 онд 74 дүгээр байранд орж, 18 байр урагшилсан. Харин Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас жил бүр гаргадаг улс орнуудын инновацын чадавх, амжилтаар нь эрэмбэлдэг “Дэлхийн инновацын индекс”-ээр 2022 онд 71 дүгээр байр эзэлж өмнөх онуудаас 10 гаруй байраар хойшилж, 2023 онд 132 улсаас 68 дугаар байранд жагслаа. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, үйлчилгээнээс эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр 0.24 хувьтай байна. Энэ нь мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ихэнх нь дэлхийн бусад улс орны компаниудтай харьцуулахад бүрэн төлөвшиж амжаагүй, манай улсад инновац, нэмүү өртөг шингэсэн бизнес эрхлэлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын талаарх хууль, эрх зүйн таатай орчингүй, төрөөс үзүүлэх дэмжлэг хангалтгүй байгаатай холбоотой юм. Мэдээллийн технологийн хөгжил нь инновацыг идэвхжүүлж, тухайн салбарын үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, ажлын байр, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд ашиг тус, үр шимээ өгч, цахим эдийн засгийг бий болгон, энэ нь нийгмийн бүх салбарт нэвтэрч, бүтээмжийг нэмэгдүүлэн өргөн хүрээтэй өөрчлөлтийг авчирч байна. Тиймээс энэхүү хуулийн төсөлд сэндбокс орчны талаар тодорхойлж, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгон, холбогдох журмыг Засгийн газар батлахаар тусгалаа. Мөн мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаанд баримтлах зарчим, тэр дундаа мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах, төр мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзах, мэдээллийн технологийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг нь ил тод, шударга, нээлттэй байх талаар тогтоов. Салбарын бодлого, чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн холбоо, хувийн хэвшил, мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар хүлээх үүргийг тогтоож, салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэдээлэл, технологийн үндэсний паркийн чиг үүргийг тодорхой болгон, гарааны бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага нь худалдан авсан программ хангамжийн ЭХ КОД-ын эзэмших эрхийг харилцан тохиролцож, тендер шалгаруулалтын баримт бичигт заахаар, Мэдээлэл, технологийн үндэсний парк нь виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг виртуал бүсэд бүртгэх, тавигдах шаардлага, бүртгэлээс хасах үндэслэл, виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэг зэргийг тусгасан хэмээн танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байсангүй тул Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувь нь дэмжлээ. Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах төлөөллөөр Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамыг томилов.
Харин дараа нь “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон юм. Тогтоолын биелэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор цахим шилжилтийг эрчимжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасны дагуу гүйцэтгэсэн ажлын биелэлтийг тэрбээр илтгэв. Тухайлбал Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх, хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо цахим хэлбэрээр харилцах боломжийг олгосон зохицуулалтыг Иргэний хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид тусгах талаар хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/97 дугаар тушаалаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, төслийг боловсруулж байна.
Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг олон улсын “ISO/IEC 27001”, “NIST SP” стандартын дагуу боловсруулж, баталсан. Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй 156 байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийсэн тайланг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв, нийтийн төв, Зэвсэгт хүчний төвд хүргүүлэн хэрэгжилтийг хангасан. Кибер аюулгүй байдлаар мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх ажлын хүрээнд онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллага болон төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагын удирдах түвшний болон мэдээллийн технологийн албан хаагчдыг сургаж, бэлтгэж байгаа.
Хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик мэдээллийг боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлага, мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглах үйл ажиллагаанд үнэлгээ хийх журмыг Европын холбооны “Хувийн өгөгдөл хамгаалах тухай жишиг загвар” (GDPR-General data protection regulation), Европын холбооны Хувийн өгөгдөл хамгаалах ажлын хэсгээс гаргасан “Хувийн өгөгдөл хамгаалахад нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал” (DPIA-Data protection Impact Assessment)-ын дагуу боловсруулж, 2023 оны , А/81, А/90 дүгээр тушаалаар баталсан.
Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал (opendata.gov.mn)-ын 2.0 хувилбарыг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэвтрүүлж, 471,527 хандалт авсан. “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-д төрийн 59 байгууллагын 606 өгөгдлөөс гадна хувийн хэвшлийн, уул уурхайн компани, иргэний нийгмийн байгууллагын нээлттэй өгөгдөл бий болгох, жагсаалтад нэмэлт оруулахаар ажиллаж байгаа. Төрийн 38 байгууллагын 75 өгөгдлийн санг судалгаанд хамруулсан. Төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-ээр дамжуулах нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр “Их өгөгдлийн сан” үүсэх нь нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын тогтолцоог бүрдүүлэх чухал ач холбогдолтой тул Засгийн газар “Их өгөгдлийн сан” үүсгэх тухай 2023 оны 403 дугаар тогтоол баталсан. Түүнчлэн хувийн хэвшилтэй хамтран 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нээлттэй мэдээллийн нэгдсэн систем (shilen.gov.mn)-ийн 2.0 хувилбарт хиймэл оюуны технологи(GPT)-ийг нэвтрүүллээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн сантай холбоотой үйлчилгээнд хиймэл оюуныг ашиглаж эхэлсэн. Төр өөрт байгаа мэдээллээ хиймэл оюунд сурган ажиллуулах нь авлигын эсрэг тэмцэлд хувь нэмэртэй төдийгүй иргэдэд түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж байна. Цаашид хиймэл оюуныг газар олголт, Засгийн газрын тусгай сангуудтай холбоотой асуултад хариулт өгөх чиглэлд нэвтрүүлнэ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран “Монгол Улсад Үндэсний роумингийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судлах” төслийг хэрэгжүүлж, бодлогын зөвлөмж боловсруулсан. Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нийт 175 байршилд буюу нийслэлд 66, орон нутагт 82, хилийн чанад дахь 29 улсын 44 байршилд, хилийн 1 боомтод нээж, 43 байгууллагын 478 үйлчилгээг нийт 503,860 хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн. Цаашид тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн үйчилгээний аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо бүрт төрийн үйлчилгээний хурдан цэгийг байгуулан иргэндээ ойртсон төрийн үйлчилгээг хүргэхээр зорилт тавин ажиллаж байгаа хэмээн Н.Учрал сайд танилцуулав.
Тогтоолын биелэлтийн танилцуулгатай холбогдуулан хуралдаан даргалагчийн зүгээс Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар тогтоолд нэг чухал заалт буюу төр өөрт байгаа мэдээллийг иргэн, аж ахуй нэгжээс шаардахгүй болсон нь хүнд суртал, чирэгдлийг багасгах сайн нөлөөтэйг онцлоод уг заалт хэрэгжиж байгаа, эсэхийг асуусан юм. Мөн дотоодын роумингийн үйлчилгээг нэвтрүүлэх дэд бүтэц бүрдүүлсэн үү гэсэн асуултад Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс нэхэхгүй байхын тулд онцгой анхаарч ажиллаж байна. Дотоодын роумингийн үйлчилгээ нэвтрүүлэхийн тулд хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Засгийн газарт өгсөн хэмээн хариуллаа. Хэлэлцэж буй асуудлаар санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү УИХ-ын 2024 оны 5 дугаар 5 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар сонссоноор Байнгын хорооны хуралдаан өндөрлөв
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20