БСШУСБХ: Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ
Үйл явдал
/
2024-05-30

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.05.30Төрийн ордны “Их засаг” танхимд 12 цаг 33 минутад эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Баярсайхан нээж, хуралдааны ирц, хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Байнгын хороо Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй нэг саналын талаар хэлэлцэв.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, уг хуулийн төсөлд тусгасан допингийн эсрэг үйл ажиллагааны талаарх зохицуулалт олон улсын дүрэм, журамд нийцсэн эсэхийг тодруулж асуулаа. Ажлын хэсэг, Допингийн эсрэг агентлагийн дүрэмд Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрт спортын бусад байгууллага болон төрийн байгууллагын оролцоог хязгаарласан байдаг. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Допингийн эсрэг үндэсний байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнийг гурван жил тутам нэг удаа сонгогдоно хэмээн тусгасан гэж хариулахад, хуралдаан даргалагч Б.Баярсайхан хариултыг хангалтгүй хэмээн үзэж, хуулийн төслийн амин чухал хэсэг учраас дэлгэрүүлж хариулах шаардлагатай гэсэн юм. Монгол Улс 2007 онд Сэргээшийн эсрэг олон улсын конвенцод нэгдэн орсон, энэ нь үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэсэн хариултыг Ажлын хэсэг өгөв.

Ийн хэлэлцсэний эцэст Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс уг хуулийн төслийн 13 дугаар зүйлийг өөрчлөн найруулахаар боловсруулсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг 66,7 хувь нь дэмжив.


Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай асуудлыг хэлэлцэж дууссан тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах төлөөллөөр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэгийг томилсноор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөв

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.