“Эхийн алдар" одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг ирэх онд нэмнэ
Үйл явдал
/
2024-06-07

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.

УИХ-ын 2010 оны 54 дүгээр тогтоолоор "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200.0 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100.0 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж үүнийг өнөөдрийг хүртэл мөрдөж байна. Тус мөнгөн тусламжид 252.7 мянган эх хамрагдаж, жилдээ 30 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг.

Эхийн алдар одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг 2010 оноос хойш нэмэгдүүлээгүй бөгөөд 2010 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (108 мянган төгрөг) өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулахад 6.1 дахин өссөн байна.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олон хүүхэд төрүүлж, өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хэмжээг Монгол Улсын төсвийн нөхцөл, боломжтой уялдуулан 2025 оноос 2 дахин нэмэгдүүлэх буюу Эхийн алдар 1 дүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200.0 мянган төгрөг олгож байсныг 400.0 мянган төгрөг, 2 дугаар зэргийн одонтой эхэд 100.0 мянган төгрөг олгож байсныг 200.0 мянган төгрөг болгож тус тус нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Засгийн газраас дэмжин батлагдлаа.

Мөнгөн тусламжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2025 оны төсөвт тусган хэрэгжүүлэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.101.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.