Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай
Үйл явдал
/
2024-06-12

“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2023 оны 112 дугаар тогтоолын танилцуулга

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж заасан бөгөөд үүнийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг хуульчилсан. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 12.4, 12.5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.17 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын аймгийг долоон, нийслэлийг зургаан тойрог болгож, Улсын Их Хурлын сонгуулийн нийт 13 тойрог байгуулахаар тогтоов.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 2, 3 дугаар тойрогт баруун бүсийн Баян- Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг, 1, 4 дүгээр тойрогт хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийг, 5, 7 дугаар тойрогт төвийн бүсийн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийг, 6 дугаар тойрогт зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг, 8, 9, 10, 11, 12, 13 дугаар тойрогт Улаанбаатарын бүсийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх дүүргийг хамруулан тогтоолоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.132.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.