Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулж буй сонгуулийн хууль тогтоомж сурталчлах уулзалт, сургалт үргэлжилсээр байна. Өнөөдөр улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Улс төрийн намын тухай хуулийн талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа. Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024 оны 01 дүгээр сарын нэгнээс хууль хэрэгжиж эхэлсэн. Сонгуулийн ерөнхий хороо намд төрөөс үзүүлэх шууд болон шууд бус дэмжлэг, санхүүгийн ил тод байдал, үйл ажиллагаанд хяналт тавих зэргээр тус хуулийн хэрэгжилтийг улс төрийн намуудтай хамтран хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд улс төрийн намуудын төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, ээлжит сонгуулийн жилд хориглох үйлдэл, үйл ажиллагаа, сонгуулийн хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, намуудын мэдээллийг ил тод, нээлттэй болгох, хамтын ажиллагаагаа сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэв.
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Зөрчил шалгах албаны албан хаагчид, ТВ9 телевиз болон “Зууны мэдээ” сонины редакцын сэтгүүлчдэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, онцлог зохицуулалтын талаар мэдээлэл өгөв. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хуулиар чиг үүрэг хүлээн оролцдог нийт 31 төрийн байгууллага байдаг бөгөөд Цагдаагийн байгууллага нь ээлжит болон ээлжит бус сонгууль зохион байгуулах үйл явцад сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн асуудлаарх хэрэг, зөрчлийг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх, санал авах байрны болон саналын хуудасны аюулгүй байдал хангах, санал авах, тоолох, дүн дамжуулах үеийн аюулгүй байдлыг хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд сонгуулийн үеэр сонгогчдод мэдээлэл дамжуулах, нэр дэвшигчдэд эфирийн цагаа тэгш олгох, сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах зэргээр оролцдог юм.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20