Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор нэр дэвших санаархалтай улстөрчид тухайн тойргийнхоо иргэдэд янз бүрийн байдлаар хандив, тусламжийг олгож байна. Уг үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа юу. Үүнд Сонгуулийн ерөнхий хороо ямар байдлаар хяналт тавьж ажиллаж байгаа вэ?
-Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зохион байгуулах л чиг үүрэгтэй. Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар заалтад Хууль бус сурталчилгааг хориглох гэсэн дэд бүлэг байдаг. Тэр хуульд Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Үүнд найман зүйл заалт бий. Тухайлбал, мөнгө, эд зүйл тараах, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх зэргийг хориглодог.
-Хууль бус сурталчилгаа явуулах гэдэг дээр эдгээр найман заалт байдаг юм байна. Тэгэхээр энэ хүрээндээ Сонгуулийн Ерөнхий хороо хяналт тавьж ажиллана гэсэн үг үү?
-Сонгуулийн ерөнхий хороо зөвхөн сонгууль зохион байгуулах л үүрэгтэй. Аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хууль бус сурталчилгаа хийснийг цагдаагийн байгууллага шалган, Эрүүгийн хэргийн шүүх тогтоодог. Зөрчлийн тухай хуульд хууль бус сурталчилгаа хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.
-Нэр дэвшигчдэд батламж, үнэмлэх олгох эрхтэй байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо. Ингэж үнэмлэх олгохдоо хууль зөрчсөн эсэхийг нь хянаж үзнэ биз дээ. Хэрэв тухайн нэр дэвшигч хууль зөрчсөн үйлдэл гаргасан бол бүртгэж авахгүй байх эрхтэй байх, тийм үү?
-Нэр дэвшигчтэй холбоотой тодорхой хуулийн зохицуулалт бий. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн зургадугаар бүлгийн 29 дүгээр заалт байна. Тус бүлэгт УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг. Үүний гол утга санаа нь чөлөөлөгдөх ёстой ажил, албан тушаалаа өгсөн байх, өр төлбөргүй байх, мөн нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглож байгаа. Эсвэл хоёр тогтолцоонд зэрэг нэр дэвшихгүй байхаар зохицуулж өгсөн байдаг. Тэгэхээр энэ хуулийн зохицуулалтын хүрээнд шаардлагатай бичиг баримтуудыг харж, хянаж байж л тухайн нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авна.
-Тухайн нэр дэвшигчтэй холбоотой зөрчлийг Сонгуулийн ерөнхий хороо шалгах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр Цагдаагийн байгууллагаас ирсэн баримт бичиг дээр тулгуурлаж тухайн нэр дэвшигчийг бүртгэнэ гэж ойлгох уу?
-Сонгуулийн ерөнхий хороо хэн нэгнийг шалгах, буруу зөвийг нь хянах ямар ч чиг үүрэггүй байгууллага. Хуульд заасан гол утга санааг би хэлье л дээ. Хамгийн чухал нь өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчийн саналыг татах зорилгоор гэдэг агуулга явж байгаа. Үүнийг л сайн ойлгох хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн хуулийн зөрчилтэй байвал Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авахгүй байх зохицуулалттай. Тиймээс хуульд юу гэж тусгасан байна, яг түүний дагуу Сонгуулийн Ерөнхий хороо чиг үүргээ хэрэгжүүлнэ гэсэн үг.
-Сонгуулийн хугацаа их дөхлөө. Тэр утгаараа энэ гуравдугаар сард төлөвлөгөөт ямар ямар ажлыг Сонгуулийн ерөнхий хороо хийж гүйцэтгэхээр байгаа вэ. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Цаг хугацааны хуваарьт заасны дагуу сонгуульд оролцох нам эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө хүргүүлнэ. УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон тул Сонгуулийн ерөнхий хороо холбогдох журам, зааврын төсөл боловсруулж, батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалтыг улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-Томсгосон тойрогт сонгогчид саналаа өгөхдөө юуг анхаарах шаардлагатай вэ?
-Улсын бүртгэлийн байгууллага ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн өөрийн цахим хуудастаа сонгогчдын нэрийн жагсаалтыг байрлуулж иргэдийг танилцах боломжоор хангадаг. Иргэд уг сайтаар нэвтэрч ороод өөрийн мэдээлэл үнэн зөв байгаа, хаана санал өгөхөө харахаас гадна өөрийн хаягт байгаа санал өгөхөөр бичигдсэн сонгогчдын мэдээллийг шалган зөрчил байвал санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бүртгэлийн газарт хандан засуулах хэрэгтэй. Мөн сонгуулийн санал авах байранд очоод хэнийг сонгох вэ гэж сонголтоо хийх бус, тухайн тойрогт нэр дэвшиж буй хүн, нам эвслийн мөрийн хөтөлбөрийн талаар урьдчилж сайтар судалсан байх нь чухал байна.
-Саналын хуудасны загвар ямар байхаар төлөвлөсөн бэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Саналын хуудас агуулга хэлбэрийн хувьд сонгогчдоос саналаа илэрхийлэхэд хялбар ойлгомжтой байна. Энэ удаагийн сонгуулийн саналын хуудас нь нэг хуудас байх ба мажоратор сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгөх саналыг тэмдэглэх хэсэг, пропорциональ сонгуулийн тойрогт нэр дэвшигчдэд өгөх саналыг тэмдэглэх гэсэн хоёр хэсэгтэй байна. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн нэрс тодормогц саналын хуудасны загварыг батлан хэвлүүлдэг.
Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно гэж заасан. Манай байгууллагын хувьд иргэдэд энэ талаар мэдээлэл өгөх зорилгоор санал авах өдөр хүртэл санал тэмдэглэх зааврыг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан сурталчлах, сонгогчдод энэ талаар таниулж, мэдээлж байх тухай сум дүүргийн сонгуулийн хороод, хэсгийн хороодод чиглэл өгч ажиллаж байна.
-Сонгуулийн зардлыг бууруулах асуудлыг УИХ хэлэлцсэн. Энэ сонгуулийн тухайд зардал ямар хэмжээнд гарахаар байгаа вэ?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль 2023 оны зургадугаар сард нэмэлт, өөрчлөлт орсон. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчим бол зардал бууруулахад чиглэсэн. УИХ-ын намрын чуулганаар батлагдсан тойргоос хамаарч Үндэсний аудитын газар зардлын дээд хязгаарыг баталсан. Энэхүү баталсан зардлын дээд хэмжээний тоон дүнг харахад 2020 оны зардлын дээд хязгаараас их хэмжээгээр өссөн гэж харагдахгүй байгаа юм. Жишээ нь, нэгдүгээр тойрог болох Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт 2020 онд зарцуулах зардлын дээд хэмжээний нийлбэр нэг тэрбум 271 сая төгрөг байсан бол 2024 онд нэг тэрбум 300 гаруй сая төгрөг болсон байна. Харин Баянзүрх дүүрэгт 2020 онд зарцуулах зардлын дээд хэмжээ нэг тэрбум 300 сая төгрөг байсан бол 2024 онд нэг тэрбум төгрөг болж буурсан нь харагдаж байна. Энэ дүнгээс харвал хуульд заасан сонгуулийн зардлыг бууруулахад чиглэх гэсэн хуулийн заалтын зарчим хэрэгжиж байна.
-Сонгууль зохион байгуулахад хэр хэмжээний зардал гаргахаар төлөвлөсөн бэ?
-Манай улсад сонгуулийн насны хоёр сая 230 мянган хүн бий. Энэ удаагийн сонгууль зохион байгуулах төсвийг 32 тэрбум төгрөгөөр баталсан. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хэсгийн хорооны үйл ажиллагаа буюу бичиг хэрэг, шуудан холбоо, унаа болон тээвэрлэлт, санал авах байр бэлтгэх зэрэг зохион байгуулалттай холбоотой бүх төрлийн зардал үүнд багтана. Дээр нь саналын хуудас, үнэмлэх, гарын авлага, гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах зэрэг зардал багтана. Энэ удаагийн сонгуульд мэдээллийн технологийн баг, даамал гэх мэтчилэн 26 мянган төрийн албан хаагч ажиллана.
Энэ хүмүүсийн урамшуулал, хоолны зардал ч дээрх төсөвт багтсан гэсэн үг. Ингээд тооцохоор нэг сонгогчид 14 мянган төгрөг буюу 4.25 ам.доллар зарцуулж байна гэсэн үг. Дэлхийн жишигт сонгууль зохион байгуулахад нэг сонгогчид 9-12 ам.долларын зардал гаргадаг юм байна лээ.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20