Гадаад улсад байгаа болон хилийн чанадаас эх орондоо ирж суурьшсан монголчуудын мэдлэг, нөөц бололцоо, ур чадварыг Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болгох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Диаспора нээлттэй форум: Монгол Диаспора, эргэн суурьшигч-Хөгжлийн шинэ гарц” нээлттэй хэлэлцүүлэг 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр болов.
Уг форумын “Хилийн чанад дахь иргэд Монгол Улсын болон бүс, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ оролцож, гадаад улсад байгаа сонгогчид саналаа өгөх талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Гадаад улсад байгаа иргэдээс дөрвөн өдөр санал авахаар Улсын Их Хурлын тогтоол гарсан. Сонгуульд оролцохоо Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэхдээ 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө утсаар, цахим шуудангаар бүртгүүлэх боломжтой. Энэ удаагийн сонгуулиар гадаадад байгаа иргэд урьдчилан бүртгүүлэх хугацааг сунгаснаас гадна санал өгөхөө заавал биечилж очихгүйгээр мэдэгдэх боломжтой болсон. Ажлын хоёр, амралтын хоёр өдрийн аль нэгэнд нь саналаа өгөх боломжоор хангаж санал авах өдрийг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр байхаар тогтоосон” гэв. Сонгогчдыг мэдээллээр хангахад төрийн холбогдох байгууллагуудаас гадна олон улсын байгууллага, хилийн чанадад суугаа иргэдийн холбоо, төрийн бус байгууллагуудын оролцоо чухал болохыг онцолсон юм.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран зохион байгуулсан “Диаспора нээлттэй форум: Монгол Диаспора, эргэн суурьшигч-Хөгжлийн шинэ гарц” нээлттэй хэлэлцүүлэг монголчууд гадаад улсыг зорих шалтгаан, өнөөгийн нөхцөл байдал болон дэлхийд өрсөлдөх боловсон хүчин, хилийн чанад дахь монголчууд улсынхаа хөгжилд оруулах хувь нэмэр, бизнесийн орчин, боломж, санаачилга зэрэг сэдвийн хүрээнд өрнөв. Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний статистикийн хороо болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, НҮБ-ын холбогдох газрууд, “Хилийн чадад дахь монголчуудын зөвлөл”, гадаадад суугаа иргэдийн төлөөлөл оролцлоо.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20